Үүл бид хоёр | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Үүл бид хоёр

Нэгдүгээр бүлэг. “Дөчин мянгатын довон дээр” хэсгээс

XI. Анхны гараандаа бүдэрчээ

Нөхөр маань тийнхүү Барилгын 1-р ТМС-д физикийн багшаар орлоо.Ажил хөдөлмөрийн анхны гараа нь тэр юм.Сардаа 700 төгрөгний цалин авчихна.Миний ч бас хэдэн төгрөг буучихна.Гэртээ бид хоёр ганц шаазан ч авахгүй юм чинь юуных нь зардал байхав дээ.Архи дарс уух биш, гаргах зардал маань гэвэл их гэхдээ л орой болгон шахуу кино үзнэ, шинэ пянз худалдаж авна. Өө, их сайхан жаргалтай улс, зочид буудалд л сууж байгаа юм шиг байлаа.
Тэгж байтал өнөөх “Жавартай газар мал тогтдоггүй, жаргалтай газар хүн тогтдоггүй” замын эхэнд тулчихаад байсныг нь би мэдээгүй юмсанж.1982 оны шинэ жилээс хойш нөхөр маань ажлаасаа ирэх нь улам л оройтоод, мөнгө төгрөг нь ч хомсдох шинж ороод явчихлаа.Нэг, хоёр ч сар өнгөрлөө.Хэдэн ч шөнө гэртээ ирсэнгүй. Нэг өглөө ирэхдээ хамаг цалингаа дээрэмдүүлчихлээ, тэгээд шөнөжингөө хөөцөлдөөд өнөө залуусыг чинь олж чадсангүй гэх юм.Би ч гайхаад л, ер нь Үүлийг хүн дээрэмдэнэ гэж юу байсан юм гэж дотроо эргэлзэнэ.Тэрнээс хойш ч оройтоод байхаар нь аргаа ядаж хүүгээ тэврэн сургууль дээр нь очоод, нэг найз багшаас нь нарийн учрыг нь мэдээд авлаа.Ганзүг, Цэрэндагва энэ тэр гээд хэд хэдэн сайхан найзтай болчихсон байлаа.Манай хүн мөрийтэй тоглоомонд толгойгоо мэдүүлчихсэн нь тэр байж.
Би ч чимээгүйхэн ажаад л байлаа.Амьдрал чинь хүнд байна шүү гэж цухуйлгачихаад л. Амьдрал хүндэрсэн юм үнэндээ байгаагүй л дээ.Хэдийвээр аавынд байхад өчүүхэн хавчлага амсах нь байтугай, муухай харуулж ч үзээгүй боловч өөрийн гэсэн байргүйдээ л сэтгэл жаахан гонсгор.Шинэхэн хосууд тусдаа гарахыг л мөрөөддөг хойно, би өөр юу гэж хэлэх билээ.
–  Хайрт минь дээ, чи чинь яагаад байгаа юм бэ дээ? Эхнэр хүүхдээ аваад аавынхаасаа тусдаа гарахыг бодохгүй, ингээд л яах нь мэдэгдэхгүй яваад байх юм уу гэхээр хар цагаан дуу гарахгүй. Сэтгэл нь нэг л түгшүүртэй ч юм шиг, ямар нэгэн юманд санаа нь зовоод ч байх шиг, харахад бүр андашгүй ээ. Аргаа ядаад аав ээж хоёрт хэллээ.Гэхдээ аав маань ямар зодож загнах биш, өрөөндөө хэд хэд дуудаж оруулаад, “өндөр дээд хэмжээний яриа” хийгээд байх шиг сонсогдох.
1982 оны гурван сарын үеэр байх аа даа, надад бүх үнэнээ хэллээ.Би ингээд ингээд, мөрийтэй тоглоомын зам руу хальтирчихлаа ш дээ.Уг нь хэдэн бор юм олоод бие даагаад хөл дээрээ босчихъё гэсэн чинь над шиг өөдгүй амьтан чадахгүй юм шиг байна.Ирэх жилээс аав надад байр олж өгнө гэсэн, гурвуулаа тусдаа гарна аа.Би одоо тэр тоглоомыг бүр хаяна гээд л, андгай тангараг тавиад, ам өчгөө өглөө.Хэд хоног овоо гайгүй байснаа эргээд л алга болчихно. Өглөө ирэхдээ урьдынхаа янзаар, нээг их буруу юм хийчихсэн шинжтэй, хулмалзаад л. Хамаг мөнгөө алдчихсан нь илт. Үүл шиг цайлган цагаан сэтгэлтэй, хар буруу санааны хэлтэрхий ч байхгүй хүн мөрийтэй тоглоомонд хожно гэж юу байхав дээ. Үүнийг нь би ойлгуулах гэж их хичээнэ ээ. Нэг муухан мушийчихаад л дуугүй суугаад байна.
Тэр үед ер нь Монголд хаа сайгүй мөрийтэй тоглоом нууцаар их дэлгэрчихсэн байсан юм билээ.Ялангуяа Улаанбаатарт нийлж тоглодог их гарын тоглоомчдын хэд хэдэн гал бий болчихсон байж.Дарга нар бол бүр их тоглодог байсан юм гэсэн.Хэзээ хойно л нарийн учрыг нь мэдэж байгаа юм чинь.Тэр ч бүү хэл, мөрийтэй тоглоомын амтанд нэг л орчихсон бол уулын бэл рүү өнхрүүлсэн чулуу шиг биеэ татаж авч чаддаггүйг нь ч мэддэггүй л байж. Зүгээр л цагаан сэтгэлээр Үүлдээ итгээд, за яахав, буриад бүр л хаарталддаг юм гэнэ лээ, тэгж байгаад болох байлгүй, хожих хожихгүй нь ч хамаа юу гэж бодсоор байтал тэгдэггүй юмсанжээ. Нөгөө сайн анд бацаан Зоригоо нь ч хамт тоглодог л юм байх, бас бус хуучин найз шар Энхээ, шөвгөр Өлзий нартайгаа ч холбогдсон шинжтэй.Тиймэрхүү тоглоомд хамгийн түрүүнд хулиганууд л татагддаг юм чинь.Татагдах байтугай, өөрсдөө санаачилна гээч. Үүл маань чарлаа Гончиг, Дархижав, Дашцэрэн багш, Дэнжийн 1000-ын лужир хужаа нартай, ер нь хамгийн том гаруудтай тоглодог байсан байгаа юм даа.
Ер болохгүй болохоор нь “Чамайг даа, нэг сайн хашраагаад өгье” гэж бодлоо.Тэгээд нэг орой ирэхээс нь өмнө хамаг хувцсаа торонд хийж бариад, хүүгээ тэврээд гэртээ харихаар гарлаа.Ээж ажлаасаа ирээгүй, аав л байсан юм.Намайг хориод хориод дийлсэнгүй ээ.Хичнээн ч хоргоов. Хоолой нь цахиртаад “За яахав, миний охин ухаантай хүн сэн дээ. Хүрээд ирэх юм байгаа биз дээ.Манай энэ муу цусаас л болж байгаа юм, хөвүүнээ орхиод явах юм уу” гээд хүүг маань дахин дахин барьж үнсээд, аваад үлдэх нь ээ.Тэгэхээр нь Үүлд гаргасан уураа аавд гаргаж, хүүгээ орилуулаад хөтлөөд гарлаа.Намайг гарсан хойно аав уйлсан нь мэдээж.Тийм их уяхан сэтгэлтэй, юу юуны туханд хүрэлгүй хоёр том алаг нүднийх нь аяганд нулимс цийлэгнээд ирдэг хүн шүү дээ.
Гэр ойрхон байсан юм чинь 40-р цэцэрлэгийн урдуур хангинатал уйлаад л алхчихлаа.Одоо санахад өөрийгөө биш, торойтол үлдсэн хадам аавыгаа л их өрөвдсөн байх аа даа.Гэртээ ирээд хаалгаа тогшлоо.Эмээ ойртож ирж байгаа чимээ гарлаа.“Оруулах хүн үү, оруулахгүй хүн үү?” хэмээн дурангаараа шагайн тагнаж байгаа бололтой, хаалганы дуран харанхуйлаад явчихлаа. Тэгснээ асууж байна аа, ширүүн дуугаар:
– Хэнб ши?
– Би байна аа.
– Яах гэж яваа юм? Юундаа уйлаавш? гэж байна.
– Гэртээ орох гэсэн юм аа.
– Яахан гээв? Харигтий! гэж байна.
Би ч бүр цурхиртал уйлж нулимсандаа хахаж цацаж байгаад, ингээд ингээд Үүл чинь мөрийтэй тоглоом хөөгөөд алга болоод байх юм, би тэгээд хүүгээ аваад салаад хүрээд ирлээ гэсэн чинь хаалганыхаа цаанаас:
– Тэгээд яахан гээш! Хаарт тоглодоггүй хэн байсан юм?Бушуу гэртээ харийш.Би шамайя оруулахгүй ээ, оруулахгүй гээд болдоггүй.
– Би гэртээ ормоор байна ш дээ гээд хар байдгаараа хашгирсан чинь арай зөөлрөв бололтой, хаалганыхаа цаанаас:
– Охин минь ээ, тайвшраад хариа. Үйлийн үрийг үүрч бардаг юм. Чиний л өөрийн чинь сонгосон амьдрал. Хаданд харвасан сум, хадамд очсон бэр хоёр буцаж ирдэггүй юм шүү дээ.Эмээ нь ч гэсэн өвөөтэй чинь зөндөө л муудаж байсан.Эцэстээ нэг эвлэрдэг л юм.Хариа, харигтий, миний охин.Би шамайяа яагаад ч оруулахгүй гэчихээд цаашаа яваад өгөв бололтой, хөлийнх нь чимээ алдарчихав.
Эмээгийнхээ хатуу занг тэртээ тэргүй даван гарч чадахгүйгээ мэдэх юм чинь, аргаа бараад орцноосоо гараад хэдэн улиасныхаа дор суугаад ахиад л мэлмэрүүлж гарлаа.Хүү маань ч дагаад орилчихов. Оруулах болов уу гэж горьдоод, ээж ажлаасаа ирээгүй юм байх даа, ээж байвал ч оруулна даа гэж бодоод цонх руугаа өлийгөөд харсан чинь их ах Энх-Амар маань цонхон дээрээ зогсоод намайг яв, яв гээд гараараа дохиж байх юм.
Одоо яая гэхэв, гадаа суугаад байлтай биш, хүү маань ч осгочих нь бололтой, буцаад орц руугаа орж, доод давхарт байдаг найз Буяндэлгэрийнхээ хаалганы хонхыг дарлаа, хүн байдаггүй. Тэгэхээр нь байрнаасаа гараад тэр чигээрээ хадмынх руугаа эргэж ч харалгүй хүүгээ тэврээд алхлаа. Хаалгаа тогштол, аав яг л тэгнэ дээ гээд хүлээгээд зогсож байсан юм шиг дорхноо цэлийтэл нь нээгээд бид хоёрыг тэврээд авлаа.Буцаад ирлээ гээд баярлаж байна гэдэг хачаан. Үүл ирээгүй л байна. Би ч хүүгээ тэвэрт нь чулуудчихаад өрөөндөө ороод мэлмэрүүлж гарлаа.
Маргааш нь ээж утасдаж байна. “Уг нь ээж нь байсан юм аа. Даанч эмээ чинь загнаад үүд рүү алхуулахгүй байсан юм чинь. Одоо яая гэхэв дээ, цаадах чинь ухаантай хүн, биеэ татаад авах байлгүй дээ.Худууд маань ч ухаантай улс” гэж байна. Тийнхүү миний салалт ямар ч амжилтгүй болж билээ.
Үүл засардаггүй ээ. Бахь байдгаараа. Бүр болиод цаг магаа ч мөрийд алдчихсан байх шиг.Бодоход, нөгөө их мөнгөө л бүтээх гээд, гэнэт ихээр хожиж “тэнгэрийн умдаг атгах” гээд яваад байгаа юм байлгүй. Хадам ээждээ хэллээ. Ингээд ингээд хүн амьтанд уруу татагдаад байнаа, та адилхан л багш юм чинь ажил дээр нь очиж хэлээч дээ гэлээ.Бас л манай эмээ шиг хатуурхаж байна шүү.“Хүн өөрөө л өөрийгөө жолоодохоос биш, хүнд уруу татагдана гэж юу байхав, би очихгүй ээ” гээд хавьтуулсангүй. Ер нь буриад эмэгтэйчүүл эрчүүлээ бодвол амьдралын хатуу бэрхэд тулаад ирэхдээ их хатуу шүү дээ.Эрт цагаасаа хүнд зовлон туулж сурсан зан генд нь шингэчихсэн ч юм уу.Бид ямар буриад зоны хэдэн зуун жилийн амьдралын хэцүү бэрх сорилтын тухай уншаагүй биш дээ.Тийм болохоор би хадам ээжийгээ хэнээс ч илүү ойлгодог болсон юм.Тэр сайхан ээжээс би амьдралын ухаан, эмэгтэй хүн айл гэрээ ухаанаараа яаж залж явахыг суралцсан юм даа.
За тэгээд, хэдэн сар өнгөрлөө, Үүл ч бахь байдгаараа.Дахиад л гараад гэр рүүгээ гүйчихлээ.Аз болж ээж маань гэртээ байж таараад, хаалга амархан онгойлгож өглөө.Бүх л учраа ээж, эмээ хоёртоо дахиад хэллээ.Хань ижил нь ирэхгүй, хадмындаа өдөржин шөнөжин нөхрөө хүлээж суух нь үнэхээр сэтгэлд багтамгүй даваа гэдгийг ч тайлбарлалаа. Үүл хүү бид хоёрыг өвөртлөөд унтаж байхад шөнө дунд мөрийтэй тоглодог хамтрагч нарынх нь машины сигнал гадаа ганц удаа дуугарахад л гүйцээ. Бүхнийг мартаж халуун хөнжлөөсөө ухасхийн босож, өмд гутлаа яван суун өмсөөд, хар эрчээрээ хүү бид хоёроос зугтдаг болов.Арай л бид хоёрыг мөрийтэй тоглоомонд тавьчихаагүй байна гэж уйллаа.Одоо дахиад яасан ч тэднийх рүү зүглэхгүй гэж өөртөө андгай тангараг өглөө.Дотор онгойгоод ч явчих шиг, муу заяатай амьтны чинь.
Гэсэн ч тэгж зоргоор минь загнуулдаггүй хорвоо юм санжээ.Ердөө л маргааш нь Үүл гүйгээд ирлээ.Уйлан дуулан “донгодоод” л. “Миний хайр гэртээ хариач дээ” гээд л. Нүүр өгөхгүй болохоор утасны дугуй улайстал эргүүлээд л… Ёстой харин хаширсан байх аа.Цонхоор харахад ихээ уруу царайлсан амьтан явж байх. Өмд гутал нь ч гэж хэрэг алга. Өдөр бүхэн л ирнэ, өдөржин шөнөжин л утас хангинуулчихна. Өнөөх л “гэртээ ирээч дээ” гэж гуйсан хэвээр. Өдөр, шөнөгүй ирээд байгааг нь бодохоор өнөөх тоглоомноосоо хөндийрчихсөн ч юм уу гэж горьдох боллоо. Ангийнх нь охид, миний найзууд, мөнөөх Алтаа, Тунгаа, Сээрээ, Бажух энэ тэр маань ч хойноос нь хөөцөлдөөд, “Ухаанд нь ухна үхсэн чамайг нэг ухааруулаад өгнө дөө” гээд загнаж яваа сураг гарах. Гэхдээ би харихгүй л байгаа. Үнэхээр мөрийтэй тоглоомын дон бид хоёрын амьдралыг сүйдлэх шахсан…
XII. Эрс эргэлт болов

Яг тэр хаврын өдрүүдэд төвийн сонин хэвлэлээр хөдөөд багш нар их дутагдаж байгаа тухай бичээд, радио, телевизээр ч яриад эхлэв шүү.Би уг нь хавар УБДС-ийн кино драмын ангид элсэлтийн шалгалт өгье гэж шийдэж, нөхөр маань ч их дэмжиж бас чиг шалгалтад бэлдэж эхэлсэн байлаа. Сонин үзэж хараад байсан чинь орос хэл л гэнэ, хими, физик, математик л гэнэ, өөр ямар ямар ч гэнэв хичээлийн багш нар хөдөөд их дутагдаад байгаа. Завхан ч гэх шиг, Хөвсгөл ч гэх шиг хаа сайгүй л дутагдалтай гэнэ. Тэгээд бодлоо л доо, “Одоо Үүлийгээ татаж авах нь миний л үүрэг боллоо. Аль нэг аймаг руу аваад явдаг ч юм бил үү, тэртэй тэргүй Үүл маань хөдөө явах дуртай юм чинь, шууд л зөвшөөрнө дөө” гэж бодоод чимээ имээ хайж гарлаа. Хаашаа явбал зүгээр байх бол гэж эргэцүүлээд л.
“Хайр сэтгэл гэдэг бол бие биенээ ширтэхийн нэр биш, хоёулаа нэгэн зүгт ширтэхийн нэр” гэж нэгэн их ухаантан хэлсэн байдаг даа.Яг л тийм чанар бид хоёрын аль алинд маань заяасан юм билээ.Нэг орой хаалга цохиод явчихлаа.Их л яаруу сандруу хүн бололтой.Бас л Үүл биз гэж таамаглаад, дуртай дургүй хаалгаа тайллаа, нээрээ л амьсгаадчихсан зогсож байна аа. Үс зүсээ ч овоо нэг янзалчихаж, хувцас хунар нь бүр дажгүй, гайгүй шиг харагдаж байна. Залуучуудын Үнэн сонин гартаа барьчихаж. Шууд л дайрч орж ирээд хэлж байна аа:
– Хоёулаа ердөө хөдөө гаръя. Энэ сонин дээр Хөвсгөлийн Ренчинлхүмбэд математик, физикийн багш хэрэгтэй гэж байна.Орос хэлний багш ч хэрэгтэй гэж байна.Миний хайр чинь орос хэлийг бол хэнээс ч дутахгүй заачихна шүү дээ.Эвлэлийн илгээлт өгнө гэж байна.Явж цаатангуудын дунд очиж амьдарч үзье.Гуравхан жилийн хугацаатай томилолт өгдөг гэнэ, амьдралаа ёстой эрс эргүүлнэ гээд нүд нь анивалзаад л, яг миний бодлыг уншчихсан юм шиг ятгаж гарлаа даа.Намайг ятгаад ч байх хэрэг байсангүй. Би түрүүлж энэ тухай хэлэх минь яалаа даа гэж өөрийгөө ч зэмлэх шиг.Эмэгтэй хүн гэдэг нээрээ тэнэг шүү, нөхрийнхөө санаачлагад атаархаж байгаа царай нь тэр юм байх даа. Хоёулаа суулаа. Их эвтэйхэн. Ярилцлаа. Ам өчгийг нь авлаа.Хоёр биеэ учиргүй санацгаасан байсан болохоор уйлж байгаад л сайдацгааж билээ. “Чамайгаа би чинь алдлаа л гэж бодсон шүү, үнэхээр уучлахгүй бол яах байсан бол оо” гээд л Үүл баахан үг урсгаж өгч билээ. Тэгээд л дорхноо шийдчихсэн гэхэд болно доо.Тэгтэл ч ээж ороод ирлээ.Ээждээ гаргасан шийдвэрээ хэллээ.Тэр үед ах нар маань ч эхнэр аваад ирсэн, байр сууцандаа ч багтаж шингэхээ болиод эхэлсэн цаг.Салалтыг ээж маань бас эргэцүүлж л байсан юмсанж. Тэгээд хэлж байна аа:
– Ер нь хоёр хүүдээ хань болоод ээж нь ч хамт явдаг юм уу? Та хоёр чинь нялх нойтон хүүхэдтэй, хөдөө амьдарч үзээгүй улс, барьц алдана шүү дээ.Энэ хэд маань болж бүтэх л байлгүй. Ээж нь та хоёрыгоо дагаад явъя гэвэл тэр эвлэлийн илгээлтийг нь чи надад олоод өгч чадах уу гэж Үүлээс асууж бөөн инээдэм.Сэтгэл бүүр хөнгөрөөд явчихлаа.Хөвсгөлийн тайга нүдэнд үзэгдээд л. Шөнөжингөө хоёулаа романтик мөрөөдлөө ам булаалдан ярьж хоноод, энэ тухайгаа аавд дуулгахаар Үүл өглөө эрт гэр лүүгээ гүйчихлээ.
Ердөө л үдийн хойно аавыг дагуулчихсан ороод ирэх нь тэр.Аав бас л хадаг хармаалчихаж. Хоёр дахь удаагаа бэр гуйхын дайтай юм болж, Үүлийн төлөө уучлалт гуйж ээжид дахин хадаг бариад л. Тэгээд аав Эвлэлийн Төв хорооны Л. Түдэв дарга дээр орж бид хоёрын томилолтыг дор нь жин тан болгочихоод, ээжийн тухай ч Боловсролын яаман дээр ярилцчихаад ирсэн юм байж. Ээжийн явахыг ёстой зөв хэрэг, ганц жил ч гэсэн энэ хоёртоо хань бараа болж яваад ир хэмээн их сайшааж байлаа.
Хүү бид хоёр тэр оройдоо гэртээ харилаа.Халуун ам бүлээрээ багашаархан найрын дайтай юм болов.Хол явах гэж байгаа ч гэсэн хүн бүхэн л баяртай. Үүлийн хоёр нүд улам ч зураас адил болчихоод л, аав нулимсаа цийлэгнүүлээд л, ээж маань бид гуравт өгөх юмаа хайж ядаад л. Оюу шигтгээтэй монгол алтан ээмэг гаргаж ирээд, “Сайн дархнаар цохиулсан юм, охиндоо өгөх гэж хадгалсан байсан юм” гээд надад бэлэглэлээ. Ер нь нарийн ширийн өчнөөн их бэлэг авлаа.Маргаашнаас нь л явах бэлтгэлээ базааж эхлэв.Сав суулга, аяга халбага худалдаж авах бил үү, ажил барагдахаа болилоо.Хүүгээ усанд оруулах онгоц, хэд хэдэн түмпэн сав, үс угаагч шингэн саван гээд анх удаа тусдаа гарах гэж байгааг хэлэх үү, юм юм л хэрэгтэй болдог юм билээ.Хэрхэндээ л соёлтой гэр бүлийн зиндаагаар юм хумаа бэлдлээ.Бид хоёр Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны дарга Л. Түдэвийн гарын үсэгтэй илгээлт авлаа.Ээж маань Боловсролын яамнаас МАХН-ын томилолт авлаа. Чулуудайд томилолт бичүүлэх нь л холгүй юм боллоо. Аав ээж хоёр ач хүүгээ алсын хязгаар луу “алдах” дургүй байсан л даа. Үүл “Бид хоёр хүүгээ санаж үхнэ, аваад явна аа” гээд, аав ч бас олон талаас нь эргэцүүлсэн биз. Ингээд л АН-24-өөр Мөрөн хотод шунгинаад буучихлаа даа.
Тийнхүү Үүл маань өөртэйгөө тэмцэлдэн байж, эр хүний хатан зориг гаргаад амьдралаа эрс эргүүлж чадсан юм. Хэрвээ Үүлээс өөр хүн байсан бол амьдрал маань тэгж хөл дээрээ босох байсан ч уу, үгүй ч үү, Үүл маань Ардчилсан хувьсгалыг манлайлцаж, хар дарсан зүүд шиг хатуу хүтүү амьдралаас нь Монголынхоо ард түмнийг сэрээгээ ч үү, үгүй ч үү хэмээн одоо бодож, Үүлд минь ухаарлын гэрэл илгээсэн зуны тэр өдрүүд, ач буянаа хайрласан Шишгэдийнхээ цэнхэр тайгад залбирч явдаг аа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

darhan 2010-05-07 202.179.3.70

uneheer goe bichsen bna
yag bodit amidral bichsen boloor nudend tosoologdoj bna shuu

Avatar

zochin 2010-05-07 59.115.138.77

estoi saihan nom bolson baih daa Zaaval avch unshnaa

Avatar

баяр 2010-05-07 202.131.231.178

тийм ээ маш сайхан амьдралын түүх байна хурдан худалдаанд гараасай билээ

Avatar

Зочин 2010-05-07 202.55.191.22

ene deer bichsen Ganzug gej 40myangatiin hun bhdaaehner ni Sendmaa gej neeh saihan huuhen bsan monuu

Avatar

Зочин 2010-05-07 160.29.203.59

Saihan sonirholtoi dursamj boljee Zarim gazar ni barag nulimis garmaar

Gaihaltai ni Bat-Uul hyalbar argaar bayajih hobbi-tei hun baina shuu dee Hun er ni zasardag bolov uu

Avatar

ПОМОГИТЕ! 2010-05-07 124.158.78.103

Сэтгэл сэргэчихлээ байна Би бас мөрийтэй казинод донтчихоод явна Харин эвлэлийн илгээлтийг хаанаас авах вэ Энэ байдлаасаа гарах өөр арга чарга байна уу

Avatar

Зочин 2010-05-07 202.179.10.50

Ene mash saihan bichsen bnaaOdoogiin zaluuchuudad ih ulger duurailaltai yum bnaAmidral zarimdaa tevcheer shalgadag tom shalguur shuu

Avatar

sanal 2010-05-07 70.35.169.145

saikhan bolj ee er ni hadam aavaas bichikhiig zaalgasan uu gemeer l bna setgel ovoo dogdolloo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж