Дэлхийн банкны ерөнхийлөгч сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны ерөнхийлөгч сонгогдлоо

Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчөөр
АНУ-аас  нэр дэвшсэн Жим Ен Ким сонгогдсон тухай ВВС мэдээллээ.  АНУ-ын
Дартмундын Коллежийн захирал, эрүүл мэндийн мэргэжилтэн, Өмнөд Солонгос
гаралтай Жим Ен Ким Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгч болсон бөгөөд ирэх
долдугаар сарын 1-нд ажлаа хүлээж авах юм. Өдгөө 52 настай доктор Жим Ен
Ким анх ДОХ-ыг эмчлэх талаар болон хөгжиж байгаа орнуудад сүрьеэ өвчний
тархалтыг багасгах  талаар хийсэн ажлаараа сайшаагдаж байсан билээ.

АНУ-ын Төрийн Сангийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер хэлэхдээ
“Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийн өмнө нь хийж байсан ажил одоогийн
албан тушаалд чухал ач холбогдолтой” гэжээ. Дэлхийн банкны
ерөнхийлөгчийн суудалд эхлээд гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Колумбийн
Эдийн засгийн сайд асан, Колумбийн Их Сургуулийн профессор Хосе Антонио
Окампо өнгөрсөн долоо хоногт нэрээ татсан юм. Жим Ен Кимийн өрсөлдөгч нь
Нигери улсын Эдийн засгийн сайд Нгози Оконджо-Ивеала байсан хэдий ч
америкчууд энэ суудалд нөлөөтэй хэвээрээ байгаа нь харагдлаа.

Дэлхийн банкны ерөнхийлөгч таван жилийн хугацаанд ажиллах ба өмнө нь ийм
том хэмжээний албан тушаал хашиж байгаагүй Жим Ен Кимийг энэ суудалд
нэр дэвшүүлсэнд олон улс орон гайхаж байсныг хэвлэлүүд тэмдэглэж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж