“Фүрүн тосгон “ монгол хэлнээ буулаа

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Фүрүн тосгон “ монгол хэлнээ буулаа

Дээр үеийн Монголын сэхээтнүүд манж, хятад хэлийг нэвтэрхий судалж, тэр хэрээр Хятадын шилдэг уран зохиолууд монгол хэлнээ олноор орчуулагдаж байжээ. Социализмын үед энэ уламжлал тасарч өмнөд хөршийн уран зохиолоос орчуулагдан гарсан нь цөөрсөн юм. Харин сүүлийн үед хятадын сонирхолтой зохиолууд орчуулагдан уншигчдын талархлыг хүлээх болсон байна. Саяхан Хятадын уран зохиолын шилдгийн нэг болох “Фүрүн тосгон “зохиолыг орчуулан хэвлүүлжээ.

Уг зохиолын талаар орчуулагч С.Батсайхантай товч ярилцлаа.

-Хятадын энэ алдарт зохиолд юуны тухай өгүүлдэг юм бэ?

-Хятадын зохиолч Гү Хуагийн “Фүрүн тосгон” гэдэг энэ роман Хятадын соёлын хувьсгалын үеийн жирийн хятад хүмүүсийн амьдралыг харуулсан зохиол л доо. Тэр үеийн үзэл суртлын хэт хийрхэл Хятад орон, тэр дотроо жирийн хүмүүсийг ямар байдалд хүргэснийг маш хурц гаргаж өгсөн. Социализмын гажуудал хятад оронд яаж өрнөснийг  харуулснаараа бас их сонирхолтой. Зохиолын агуулга нь уулын мухрын нэг багахан тосгоны царайлаг сайхан хүүхэн жижиг наймаа хийж, түүнийгээ амжилтад хүргэн бага сага мөнгө цуглуулж сайхан амьдарч эхэлдэг. Тэгтэл түүнд атаархагч, намын ажилтан өөр нэг хүүхэн түүнийг хөрөнгөтөн хэмээж хөрөнгийг нь хурааж, нийгмийн хог шавхруу болгож, бараг амьдрах аргагүй болгодог. Ийм хүнд хэцүү нөхцөлд ойр тойрных нь хүмүүсийн яс чанар өөр өөрөөр илэрч үйл явдал өрнөнө. Залхуу, бялдууч, арчаагүй хүмүүс энэ ороо бусгаа үеийг далимдуулан хэрхэн оодорч бусдын хувь заяагаар тоглож байгааг харуулна.

-Хятадын зохиолууд их яруу тансаг байдаг. Тэгвэл энэ зохиолын онцлог юу вэ?

-Хятадын уран зохиолд хөдөө тосгоныг дүрслэн бичих уламжлалт арга гэж байдаг. Зохиолч Гү Хуа энэ дагуу тосгоны амьдралыг чадмаг дүрслэн бичсэн. Гол онцлог нь гэвэл хятадын үнэр ханхалсан зохиол юм. Оросын В.Шукшины зохиолтой зүйрлүүлж болно. Бас нэг онцлог нь социализмын үеийн хэлмэгдлийг үнэн бодитоор нь, бүр хэтэрхий ил тод харуулснаараа тэр үедээ хаагдмал маягийн зохиол байсан.  

-Энэ зохиолыг монгол хэлнээ орчуулсан шалтгаан юу байв?

-Хятад бол суурьшмал, дорнын өвөрмөц соёлтой, манай хөрш улс. Хятад хүмүүсийн дотоод ертөнцийг ойлгохын тулд ном зохиолыг нь сайн унших хэрэгтэй. Сэтгэлгээг нь мэддэггүй тул монголчууд бид аливаа үйлдлийг нь гайхаж хүлээн авдаг шүү дээ. Хятадын соёлын хувьсгал л гэхэд ямар өвөрмөц үйл явдал байсныг энэ зохиолоор ойлгож болно. 

-“Фүрүн тосгон” Мао Дуний шагналт зохиол юм байна. Энэ ямар учиртай шагнал юм бэ?

-Мао Дунь бол шинэ үеийн Хятадын уран зохиолын нэрт зүтгэлтэн, зохиолч, нийтлэлч хүн. Энэ хүний нэрэмжит шагналыг 1981 оноос жил бүр Хятадын шилдэг зохиолд олгодог болсноор Хятадын уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болсон байдаг. “Фүрүн тосгон” зохиол бол энэ шагналыг  авсан анхны зохиол гэдгээрээ алдартай юм.    

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж