С.Баяр, Д.Зоригт нарыг нээлттэй сонсголд дууджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

С.Баяр, Д.Зоригт нарыг нээлттэй сонсголд дууджээ

Өнгөрсөн баасан гаригт байгуулагдсанаа зарлаж, үүнээсээ болж нэг гишүүнээсээ салах шахсан /хэрвээ Ж.Сүхбаатар гишүүний зангиа одоогийнхоосоо арай илүү нарийхан байсан бол дууслаа л даа/ УИХ дахь Авлигын эсрэг бүлгийнхэн ажлаа эхэлжээ. Ирэх долоо хоногийн лхагва гариг буюу 12-ны өдөр Хууль зүйн байнгын хорооноос "Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх нь" сэдэвт нээлттэй сонсголыг хийхээр зарласан. Нээлттэй сонсголоор хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн буюу мэдүүлээгүй төрийн өндөр албан тушаалтнуудыг дуудаж, хөрөнгө орлогынх нь тайланг сонсох юм. Үүний тулд Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрчилтэй албан тушаалтнуудын нэрсийг гаргуулж авчээ. Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн болон мэдүүлээгүй албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтад МИАТ компанийн захирал Р.Бат-Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Б.Эрдэнэбилэг, Хотын гаалийн газрын дарга С.Цэцэгээ нарын хорь шахам хүний нэр багтсан байна. Хөрөнгө орлогоо будилуулсан хэргээр Хууль зүйн байнгын хорооны нээлттэй сонсголд “уригдсан” нөхдийн хамгийн том нь ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар саяхан томилогдсон Б.Хурц болоод байна.
Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ТӨХ-ны дарга Б.Сугар нарыг нээлтэй сонсголд дуудаж, тайлбар авахаар АТГ-аас хүсэлт гаргажээ. Тухайлбал ТӨХ-ны дарга Д.Сугарыг хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн МИАТ-ийн захиралд хариуцлага тооцоогүй, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг Ашигт малтмалын газрыг даргад хуульд заасан хариуцлагыг хүлээлгээгүй тооцоогүй шалтгааныг нь тайлбарлуулахаар дуудаж байгаа юм байна. Авлигын эсрэг хуульд зааснаар хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн буюу мэдүүлээгүй төрийн албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах ёстой. Харин Ерөнхий сайд асан С.Баярыг ямар шалтгаанаар нээлттэй сонсголд оролцуулахаар дуудсан нь одоохондоо тодорхойгүй байна. Гэвч Ерөнхий сайд асан эмчлүүлэхээр гадагшаа явсан тул түүнийг төлөөлж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг сонсголд оролцуулахаар болжээ. Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээр бол Ерөнхий сайд асан С.Баярын 2009 оны нийт орлого өмнөх жилийнхээс 20 дахин өссөн гэдэг мэдээлэл хүмүүсийн анхааралд өртөөд байгаа. УИХ-ын хууль зүйн байнгын хороо АТГ-аас гаргаж өгсөн дээрх мэдээллийн дагуу Нээлттэй сонсголд оролцож, тайлбар өгөх албан тушаалтнуудынхаа нэрсийн жагсаалтыг гарган албан тоот явуулжээ.
Энэ нь парламентын түвшинд явуулж байгаа Нээлттэй сонсголын хоёр дахь нь бөгөөд эхний сонсголыг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний хэргээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард явуулсан. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нд долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсэн асуудлаар Нээлттэй сонсгол хийхээр зарласан ч прокурорын байгууллага “оролцох боломжгүй” гэсний улмаас УИХ-ын даргын захирамжаар хойшлуулсан билээ.  Б.ЗАЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж