Английн шилдэг хөлбөмбөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Английн шилдэг хөлбөмбөгч хэн бэ?

Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг тоглогчийн өрсөлдөөнд зургаан тоглогч тунан үлджээ. Харин тэдний гурав нь “Манчестер Сити”-гийн тоглогчид гэнэ. Тодруулбал, Давид Силва, Серхио Агуэро, Жое Харт нар юм. Бусад гурван нэр дэвшигчийн тухайд “Тоттенхэм”-ийн Скотт Паркер, “Манчестер Юнайтед”-ын Уейн Рүүни, “Арсенал”-ын Робин ван Перси нар ажээ.

Агуэро мөн Гарет Бейл, Алекс Окслейд-Чамберлейн, Даниэл Старриж, Кайл Уокер, Дэнни Уэлбэк нарын хамт Шилдэг залуу тоглогчийн шагналд нэр дэвшээд байна.

Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо буюу PFA-ээс жил бүр шалгаруулдаг шилдэг тоглогчдыг ням гаригийн үдэш тодруулах юм.

“Сити”-гийн гурвалын тухайд энэ улиралд Премьер лигт гялалзаж яваа тоглогчид. “Атлетико Мадрид”-аас Премьер лигт хөл тавьсан эхний улиралдаа тэр 28 гоол оруулаад байна. Испани “найруулагч” Силвагийн тухайд энэ улиралд “Сити”-гийн төлөө зургаан гоол оруулж, 13 гоол “бэлтгэсэн”. Харин Харт 14 тоглолтод хаалгандаа бөмбөг алдаагүй, мөн “Сити” энэ улиралд 27 гоол алдсан нь хамгийн багад тооцогдож буй юм.

“Их буучид”-ын довтлогч Ван Персигийн тухайд энэ улиралд оргил амжилтаа үзүүлж буй. Тэрбээр 34 гоол оруулсан нь Рүүнигээс хоёроор илүү. Харин Паркер “Тоттенхэм”-ын амжилтын гол түлхүүр билээ.

Оны шилдэг тоглогчид нэр дэвшигчид: Серхио Агуэро /Ман Сити/, Жое Харт /Ман Сити/, Скотт Паркер /Тоттенхэм/, Робин ван Перси /Арсенал/, Уейн Рүүни /МанЮ/, Давид Силва /Ман Сити/

Шилдэг залуу тоглогчид нэр дэвшигчид: Серхио Агуэро /Ман Сити/, Гарет Бейл /Тоттенхэм/, Алекс Окслейд-Чамберлейн /Арсенал/, Даниэл Старриж /Челси/, Кайл Уокер /Тоттенхэм/, Дэнни Уэлбэк /МанЮ/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж