Эргэн сануулбал, 2011 оны арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсан юм. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхаас нь хойш буюу таван жилийн хугацаанд шадар туслахаар нь ажилласан нэгэн юм. Тухайн үед түүнийг Н.Энхбаярын гэгдэх “Ремиф” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Өргөө зочид” буудлыг хариуцан ажиллуулж, хувьчлахад гар бие оролцсон гэсэн үндэслэлээр саатуулсан билээ. Б.Тулгыг саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын өмнө хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулсан бөгөөд прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэмээн буруутгагдаад байгаа юм.
Прокурорт халдсан МАХН-ын гишүүдийг шүүнэ
МАХН-ын гишүүд, дэмжигчид болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг шүүх хурал өнөөдөр болно. Хурал Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.30 цагаас эхлэх бөгөөд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцохоор болсон байна. Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Д.Жаргал