Мэргэн буучид олимпийн нийслэлд “Дэлхийн цом”-д

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид олимпийн нийслэлд “Дэлхийн цом”-д

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй Монголын буудлагын шигшээ багийн тамирчид зуны олимпийн нийслэл Лондон хотноо “Дэлхийн цом”-ын тэмцээнд онч мэргэн сорих гэж байна. Лондонгийн олимпийн буудлагын тэмцээн болох “Ройал Артиллери Барракс” буудлагын талбайд болох тус тэмцээнд 97 орны 800 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Зуны XXX олимпийн наадмын өмнөх томоохон сорил гэж болох “Дэлхийн цом”-д Монголын таван тамирчин оролцоно. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар буу, 10 метрийн хийн гар бууны төрөлд, мөн түүний хамт Т.Баярмаа, Ө.Өлзийням дээрх хоёр дасгалд өрсөлдөх бол Ч.Нарантуяа эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд, харин Н.Баяраа эрэгтэйчүүдийн 50 метрийн урт буу /хэвтээ байрлалаас/, 10 метрийн хийн урт бууны дасгалд онч мэргэн сорих юм байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш болох бөгөөд нөгөөдрөөс тамирчдын өрсөлдөөн эхэлнэ. Хуваарийн дагуу эхний өдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу болон 10 метрийн хийн гар бууны төрөлд аваргууд тодорно. Тэмцээн дөрөвдүгээр сарын 28-нд өндөрлөх ажээ.

Дашрамд дуулгахад, тэмцээний үеэр буюу өнөөдөр Олон улсын буудлага спортын холбоо /ISSF/-ны Ерөнхий ассамблейн хурал Лондон хотын “Grange Tower” зочид буудалд болох юм. Хоёр жил тутамд болдог тус хурлыг ISSF-ийн ерөнхийлөгч Олегарио Васкез Рана, ерөнхий нарийн бичгийн дарга Франц Шрайбер нар удирдан явуулах юм байна. Тус хуралдаанд ISSF-д гишүүнчлэлтэй 100 орны 200 гаруй төлөөлөгч оролцох ажээ.

С.Цэлмэг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж