УИХ-ын даргыг хэтэрхий бөөрөнхий байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргыг хэтэрхий бөөрөнхий байна гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой 17.00 цаг өнгөрч байхад эхлэн нэлээд сунжруу хуралдсан юм. Хаалттай хаалганы цаанаас гишүүдийн дуу үе үе чангарч байгаа нь коридорт ч дуулдаж байв. МАН-ын бүлгийн гишүүд Ц.Нямдорж сайдын ажил үүргийн хариуцлагын талаар нэлээд шүүн ярилцсан байна. Түүний зэрэгцээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эгзэгтэй нөхцөл байдалд асуудлаас бултаж, хэтэрхий бөөрөнхий байгааг шүүмжилжээ. Бүрэн эрх нь дууссан ч дахин нэг бүрэн эрхийн хугацаанд төрийн хамгаалалтад байх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг УИХ-д мэдүүлж байж барьж хорих ёстой байсан ч тэгээгүй. Мөн түүнийг баривчлах үеэр тэнд байсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд хүчний байгууллагынхан бүдүүлгээр халдаад хэд хонож байхад энэ талаар УИХ-ын бүтцийн байгууллагууд дуугараагүй. Парламентын гишүүдийн бүрэн эрх халдашгүй байх, түүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт ноцтой зөрчигдөн хэлмэгдэл үүсээд байхад УИХ-ын удирдлагын зүгээс дуугүй байгаа нь цаашид энгийн иргэдээ ч хуулиар хамгаалж чадахгүй байх нөхцөл боломжийг үүсгэж байна хэмээн гишүүд хатуухан шүүмжилжээ. Төрийн хамгаалалт, бүрэн эрхийн халдашгүй байдал гэдэг цөөхөн хэдхэн хүний хүрээнд үйлчилдэг болсон гэдгийг гишүүд хэлсэн байна.

Ингээд Ц.Нямдорж сайдын хариуцлагын асуудал болон гишүүдийн бүрэн эрхэд халдсан асуудлаар ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж гишүүд үзжээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж