Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Иргэний нийгмийн” гэсэн тодотголоороо олонд танил болсон хүний эрхийн хуульч М.Ичинноров уг нь гайгүй нэртэй гарч ирсэн. Гэвч түүнд иргэний нийгмээр дамжиж их улс төрд орох нь удаан санагдаад УИХ-д амархан нэр дэвшиж, гишүүн болох гарц бүрийг хайх болов. Иргэний нийгмийн нам хүртэл байгуулж нэр дэвшсэн ч амжилт олоогүй тул найдвартайг нь бодож МАН-д элссэн. Энэ нь түүнд сайн нэр авчраагүй. Гэхдээ МАН-ын дэргэд өнгөрсөн өвөл “Ардчилал” нэртэй клуб байгуулахад нь “Одоо л МАН-ыг ардчилах нь” гэж зарим хүн горьдсон. Бас Ерөнхий сайдын зөвлөх болж дэвшээд овоо хөлөө олох аястай байснаа холбирч, сая МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдахад тэр нам руу гүйгээд орчихлоо. Уг нь их улс төр хүнээс олон жилийн чармайлт, хүлээлт, тэвчээр шаарддаг ч хатагтай М.Ичинноров “сраз майор” болох гээд тэвчээргүйтэж явна.

Харин үүний эл үйлдэл эмэгтэй улстөрчдийн нэрэнд сэв суулгах болжээ. Хэлтэй амтайхан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн 20 хүртэл хувь эмэгтэй байх заалт оруулж өгсөн эрэгтэй улстөрчид “Эмэгтэйчүүд улс төрд орохоороо ийм л хувирамтгай” хэмээн М.Ичинноровоор жишээ татан хэлцгээж байна. Гэвч түүний “муу РR” эмэгтэй улстөрчдийн имиж биш гэдгийг  эрчүүд ойлгох хэрэгтэй. Нэг намаас гарч нөгөө рүү гүйдэг эрэгтэй улстөрч нэгээр тогтохгүй нэлээд олон байдаг шүү дээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж