“Саусгоби сэндс”-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Саусгоби сэндс”-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

“Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг түр түдгүүлзүүлээд байгаагаа Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяр хэвлэлийнхэнд дуулгав. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овооттолгойн ордыг ашиглаж буй компанийн хувьцааг хятадууд худалдан авах гэрээ байгуулсан гэх мэдээлэл Монголд багагүй шуугиан тариад буй. Уг асуудлаар улстөрчид болоод эдийн засагчид байр сууриа илэрхийлж, Монголын нүүрсний ордууд хятадуудын эзэмшилд очиж буйд эмзэглэж байгаагаа мэдэгдсэн. Дөрөвдүгээр сарын эхээр гадаадын хэвлэлүүдэд  Өмнөговь аймгийн Овооттолгойд үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” компани хяналтынхаа  хувьцааны 60 хувийг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч төрийн өмчит “Чалко” компанид худалдсан гэх мэдээлэл  цацагдсан юм. Уг мэдээлэлд“Айвенхоу майнз”-ын охин компани  “Саусгоби сэндс” нь хяналтынхаа хувьцааны 60 хувийг хятадуудад 889 сая ам.доллараар зарж, Оюутолгой төслийг дээрх мөнгөөр санхүүжүүлэхээр болсон тухай  дурдсан байдаг. “Саусгоби сэндс” компанийн зүгээс уг үйлдлээ “Хувьцааны худалдах үйл ажиллагаа Монголд биш Канадад  явагдах тул Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй” хэмээн тайлбарлаж байгаа. Үнэндээ Монгол Улсын одоо мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулийг “Саусгоби сэндс”  зөрчөөгүйг уул уурхайн салбарынхан баталж буй. Гэхдээ Монгол Улсын хуулийн цоорхойг ашиглан гадаадынхан Монголын баялгаар наймаалцаж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхийг үгүйсгэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хятадын хувийн компани биш төрийн өмчит компани Монголын нүүрсний орд газруудыг худалдан авч байгаад л хамаг асуудал байгаа бололтой. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа хуулийг яаралтай шинэчлэн батлах, эсвэл шинээр стратегийн орд газруудад зориулсан хууль батлах хэрэгтэй байгааг салбарын мэргэжилтнүүд хууль батлагчдад сануулж байна.

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяр "Саусгоби сэндс” компани “Чалко” компанид ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөө зараагүй. Харин толгой компанийхаа 57.6 хувийг зарахаар тохиролцсон гэдэг яриа байгаа. Гэхдээ Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд энэ талаар  ямар нэгэн зохицуулалт байхгүй.  Эндээс Ашигт малтмалын тухай хуулийг яаралтай  шинэчлэн батлах шаардлага харагдаж байна. Өнөөдрийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин  болохгүй байна. Яаралтай өөрчлөх цаг болсон байна. Хэрвээ ингэж өөрчилж чадвал цаашдаа иймэрхүү асуудлыг хуулийнх нь хүрээнд Монгол Улсын эрх ашигт нийцсэн хэмжээнд шийдвэрлэх боломжтой.  Бид  энэ асуудлаар хуулийн төсөл санаачилсан байгаа. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар тусгаж, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хувьцаагаа зарахдаа Засгийн газраас зөвшөөрөл авах юм уу, заавал мэдэгддэг байх заалтыг  оруулсан” гэсэн юм. Тус газраас дуулиан дэгдээж, асуудал үүсгээд байгаа "Саусгоби сэндс" компанийн хүчин төгөлдөр байгаа ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн байна.  Тодруулбал, “Саусгоби сэндс” болон Хятадын “Чалко” компанийн наймааны талаар УИХ, Засгийн газраас ямар нэгэн дүгнэлт, шийдвэр  гарах хүртэл  Овооттолгойд үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр түдгэлзүүлээд байгаа аж. “Олгож болсон юм түтгэлзүүлэх эрх нь бидэнд бий. Компанийн нэр дээр байгаа ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг бүгдийг нь нь цуцалсан” гэж Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяр мэдэгдлээ.  

Өнөөдөр манай улсад гаднын 100 хувь болон тодорхой хэмжээний хөрөнгө оруулалттай компанийн нэр дээр нийтдээ 790 орчим тусгай зөвшөөрөл байдгаас  280 ашиглалтынх аж. Гадаадынхны эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийн дийлэнх нь Монголын томоохон ордуудынх гэдгийг ч тэрбээр нуусангүй. Иймээс тус газар  цаашид стратегийн хөрөнгө оруулалтыг хянах талд илүү анхаарах  гэнэ лээ. Харин Гадаад хэргийн сайд Г.Занданшатар ““Саусгоби сэндс”-ийн “Чалко”-той хийсэн орд газрын наймааг буцаах бүрэн боломжтой талаар мэдэгдээдбайгаа юм. Тэрбээр  гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд уг хууль батлагдсан тохиолдолд Монгол, Канад, Хятадын хооронд үүсээд байгаа өнөөдрийн асуудал хуулийн дагуу шийдэгдэх боломжтой гэсэн. Мөн Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал “Саус гоби сэндс” болон Хятадын “Чалко” компанийн хоорондын наймаанаас Монгол Улс сохор зоосны татвар ч авч чадахгүйг мэдэгдээд байгаа. Монгол Улсад  лиценз эзэмшигч компани лицензээ бусдад шилжүүлэх эсвэл лиценз эзэмшигч компаниа худалдах гэрээ байгуулахаасаа өмнө Засгийн газраас  зөвшөөрөл авах, зөвшөөрсөн тохиолдолд уг лицензийг эсвэл лиценз эзэмшигч компанийг худалдан авах гэж буй этгээдийн Монгол Улсад төлбөл зохих бүх татварыг суутган авч төсөвт төлсний дараа лицензийн эсвэл компанийн хувьцаа худалдахыг зөвшөөрдөг байх ёстой аж.  Харамсалтай нь, өнөөдрийн хувьд Монголын Засгийн газар Канад улстай байгуулсан давхар татварын гэрээний дагуу Монгол Улс татвар авах ямар ч эрх зүйн үндэс байхгүй байгаа аж. Давхар татварын талаар Монголын уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа хэлэхдээ “Хоёр улсын Засгийн газар хооронд давхар татварын гэрээг байгуулдаг. Давхар татварын гэрээ гэдэг нь тус компани Канадад татвар төлдөг бол Монголд төлөхгүй гэсэн үг” хэмээн тайлбарлаж байна. Тэгэхээр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан давхар татварын гэрээнд зааснаар Монгол Улс “Саусгоби сэндс” болон Хятадын “Чалко”-гийн хоорондын наймаанаас юу ч олж долоохгүй нь бололтой. Тэгэхээр хууль батлагчдын хувьд экс ерөнхийлөгчийн асуудлаар улс төрийн тоглолт хийхээс  илүү улс орныхоо эдийн засаг, стратегийн аюулгүй байдалд санаа тавих цаг болжээ. Биднийг улс төржиж суух зуур гадаадынхан хуулийн цоорхойг ашиглан Монголын газар нутгийг хил давуулан наймаалцаж байна шүү дээ.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж