шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу энэ сарын сүүлчээр сая төгрөгийг
олгож эхлэх юм байна. Засгийн газрын шийдвэрт 2012 оны хоёрдугаар
улирлын сар бүрийн сүүлийн хагаст гурав хувааж олгоно гэсэн учраас
дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн эхний ээлжийн хүмүүс сая төгрөгөө авч
эхлэх гэнэ. Засгийн газраас гаргасан журмын дагуу иргэд нэг сая
төгрөгөө гурав хувааж, эхний хоёр сар 330, сүүлийн буюу зургадугаар сард
340 мянган төгрөг авах аж. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас эхний
ээлжинд сая төгрөг авах өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
материалыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн авч эхэлжээ. Өндөр настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяа хороон дээрээ иргэний үнэмлэх, түүний
хуулбарын хамт бүртгүүлэх юм байна.
Энэ талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Ганчимэгээс тодрууллаа.
-Нэг сая төгрөгийг олгоод эхэлсэн гэсэн яриа гараад байна. Хэзээнээс олгож эхлэх вэ?
-Сая төгрөг олгож байгаа гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр цацагдаад
байна. Одоогоор эх орны хишиг болох сая төгрөгийг олгож эхлээгүй.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэдээ бүртгэж эхэлсэн. Засгийн газраас гаргасан журамдаа бол 2012 оны
хоёрдугаар улирлын сар бүрийн сүүлийн хагаст гээд заачихсан байгаа
учраас иргэдээс материалыг нь хүлээн авч дууссаны дараа олгож эхэлнэ.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар материал бүрдүүлэх вэ?
-Эх орны хишиг авахдаа иргэд бичиг баримт бүрдүүлэх гээд олон асуудал
гаргахгүй, тэдний ачааллыг багасгах зорилгоор эх орны хишиг болох нэг
сая төгрөгийг бэлнээр авах хүсэлт, иргэний үнэмлэх, түүний хуулбартай
ирж харьяа хороондоо бүртгүүлэхээр зохицуулсан. Тэр бүртгэл нь дүүргээр
дамжиж Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ирэх юм. Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн хувьд мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор
хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон эрүүл мэндийн акт байдаг. Түүнийг нь
харьяа хорооны нийгмийн ажилтнууд нь хамгийн сүүлчийн хувилбараар буюу
тухайн хорооны хэдэн хүн хөгжлийн бэрхшээлтэйгээр нэмэгдсэн, хасагдсан
гээд шинэчилсэн актыг бүрдүүлээд дүүрэгтээ хүргэх юм. Хэрэв хөгжлийн
бэрхшээлтэй иргэн нь халамжийн болон нийгмийн даатгалын сангаас
тэтгэвэр, тэтгэмж авдаг бол тухайн иргэнээс нэмэлт мэдээлэл авахгүйгээр
холбогдох байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж
авдаг гэсэн тодорхойлолтыг хавсаргана. Өөрөөр хэлбэл, дүүргээс энэ
бүртгэлийг нь манай хэлтэст шилжүүлснээр нэг сая төгрөг авах боломжтой
болж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй 18 нас хүрээгүй хүүхдийн төсрний
гэрчилгээ, түүний хуулбар нь байхад болно. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй
иргэн өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг эх, асран
хамгаалагч, эхнэр, нөхөр нь өмнөөс нь хүсэлт гаргах боломжтой. Орон
нутагт ч мөн адил бичиг баримт бүрдүүлнэ.
-Өндөр настнуудын хувьд яг хэдэн оноор заагласан юм бол?
-Өндөр настанд 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй гэж
журамд заасан байгаа. Өндөр настай хүмүүсийн хувьд 2012 оны
арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 55 ба түүнээс дээш настай
эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй гэж ангилж өгсөн байгаа.
-Иргэдэд олгох мөнгөний төвлөрүүлэлтийг яаж зохицуулж байгаа вэ?
-Сангийн яаманд энэ долоо хоногт бид нийт хэдэн төгрөг төвлөрүүлэх
талаарх мэдээллээ явуулахаар төлөвлөж байна. Иргэдэд олгох мөнгийг
Засгийн газраас 3-5 дугаар сард үе шаттайгаар бүрэн төвлөрүүлэхийг
холбогдох албаныханд даалгасан. Ер нь бол эхний ээлжний мөнгө тараах
хугацаа ойртсон учраас Сангийн яамнаас Төрийн санд байршуулбал мөнгөө
хугацаанд нь олгох боломжтой.