Үзэсгэлэнгийн үеэр иргэдээс компаниудын орон сууцны метр квадратын үнэ 996 мянган төгрөг болон буурах уу гэсэн асуултыг хамгийн их тавьж байсан. Аргагүй ч биз. Өнөөдөр бага дунд орлоготой иргэдэд зориулсан байрны метр квадрат нь хамгийн хямдхандаа гэхэд л 1400000 төгрөг байгаа шүү дээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон барилгачдын зөвлөгөөнөөр Засгийн газрын тэргүүн “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын нэг метр квадратын үнэ хэт хөөрөлттэй байгааг шүүмжилсэн. Өнөөдөр баригдаж байгаа барилгын өртөгт Сангийн яам, Газрын харилцаа барилга, геодези зураг зүйн газар, Монголын барилгачдын холбоо, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд шалгалт хийсэн байна. Тус шалгалтаар барилгын компаниудын байрны үнэ хөөсрөлтэй байгааг олж тогтоожээ. Барилгын компаниуд байрныхаа метр квадратыг 990 мянган төгрөгөөр үнэлэхэд л 20 хувийн ашиг унгаж чадна гэсэн тооцоог шалгалтынхан гаргасан байна. Иргэдийн хамгийн ихээр сонирхож асуусан асуултад барилгын компаниуд “Энэ шийдвэр бол манайд хамаагүй. Манайх үнээ буруулах боломжгүй шиг Цаашид барилга барих газар, дэд бүтцийг төр шийдвэрлэсэн цагт байрны үнийг бууруулах боломжтой” гэдэг тайлбар өгсөн.
Хоёрхон сарын дотор орон сууцны метр квадратын үнэ 100- 400 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ талаар үзэсгэлэнд оролцож буй барилгын компанийн менежерүүд “Барилга дуусах шатандаа ороод гаднах хүлэмж, фассад, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах зэрэг ажлын мөнгийг нэмж авч байгаа юм. Угаасаа л оны эхэнд байрны үнэ нэмэгддэг. Өнгөрсөн оныхтой харьцуулбал барилгын материал харьцангуй нэмэгдсэн” гэсэн юм. Харин шалгалтаар орон сууцны үнэ барилгын материалаас болон өсөх ямар ч үндэслэлгүй болохыг тогтоосон байна. Үнэн хэрэгтээ Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэж зарласнаар эрэлт огцом нэмэгдэж, худалдан авагчгүй болоод байсан барилгын компаниуд ийнхүү үнээ өсгөсөн гэж хэрэглэгчид гомдоллож байнэ лээ.