Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Владимир Путины сайд нар ба ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнууд эд хөрөнгө ба орлогын мэдүүлгээ өнгөрсөн пүрэв гаригт нийтлүүлсэн байлаа. Засгийн газрын дарга болон одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхийлөгч хоёр “ядуусын” тоонд багтаж байна. Путин улам ч ядуурсан байв. Харин эхнэр нь бага ч гэсэн орлогоо нэмэгдүүлж чадав. Ашиг орлогын мэдүүлгээ нийтлүүлж байх уламжлалыг ерөнхийлөгч Дмитрий Медведев бий болгожээ.

Кремлийн саятнууд

Кремль ба Цагаан ордны хамгийн баян хүн нь ерөнхий сайдын орлогч, бас дээр нь Хойд Кавказын Холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн тушаалыг эзэлдэг ажил албаараа ерөнхийлөгчийн Тамгын газарт харьяалагдах Александр Хлопонин болж байна. Энэ түшмэл 2011 онд 484 сая рублийн орлоготой байв. Тэрээр 2010 онд 23,2 сая рублийн орлоготой л байжээ. 

Хойд Кавказын Холбооны тойргийн төлөөлөгчийн газрын хэвлэлийн албанаас шууд мэдээлэн Хлопинины олон саяын орлого нь хувьцаагаа худалдсанаас үүдэлтэй гэв. Тэрээр өмнө нь бизнес хийдэг мөн “Норникель” компанийн хамтран эзэмшигч байжээ. Тэр үйлдвэрийнхээ хувьцааг ерөнхий сайдын орлогч зарсан гэнэ. Хлопонинд  барилга барих зориулалтын нийт  2,3 га талбайтай  газрын 17 хэсэг, амралт сувиллын зориулалт бүхий 0,98 га (0,8 га нь Италид) газар бий. Бас нэг 0,3 га талбайд захиргааны байр барихаар завдаж буйгаа ерөнхий сайдын орлогч мэдүүлэгтээ бичжээ. Түүнд арайхан ашиглагдаагүй байгаа захиргааны байр өмчлөгддөг аж. Үүний хажуугаар тэр 132,9 кв.м орон сууц,  350 кв.м. талбай бүхий усан сантай  677,7 кв.м ба 818,4 кв.м хоёр орон сууцны барилгыг Орос ба Италид эзэмшдэг байна. Энэ бүх хөрөнгийг тэрээр өнгөрсөн онд 4,8 сая рублийн орлоготой байсан эхнэрийн хамт эзэмшдэг аж.

Хлопининд мөн цуутай авто парк бий. Өмнө нь түүнтэй Тверь мужийн захирагч Дмитрий Зеленин л өрсөлдөж чадах байлаа. Хлопинин эхнэрийн хамт Bentley Arnage, “Ягуар-Даймлер”, “Мерседес-Бенц СL 65 AMG”, автоприцеп Shoreland, PWC-1000, мотоцикл “Харлей-Дэвидсон” (FLS TF/FLSTFI) ба “Фантом-46” катер зэрэг техниктэй. Кремлийн албан хаагчдаас бизнес хийж байсан зөвлөх Михаил Абызов дээгүүр бичигдэв. Түүний өнгөрсөн жилийн орлого 100 сая рубльд хүрчээ. Төрийн албанд ортлоо тэрээр инженерингийн “Группа Е4” компанийг удирдаж байсан аж. Гэхдээ бизнесээ орхисон гэдэг бөгөөд  Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад 1,3 тэрбум доллартайгаар 76-д бичигдсэн байна.  Абызов автын томоохон парктайгаас гадна албан хаагчдын дундаас ганцаараа 750 мянган ам.долларын үнэтэй Robinson маркийн хувийн нисдэг тэрэгтэй. Мөн тэрээр хүүдээ Harley Davidson мотоцикл худалдан авч өгсөн байгаа. Түүний орон сууц нь 135 кв.м талбайтай. Дээр нь хоёр орон сууцны байртай (551 кв.м ба 899 кв.м), бас өөр нэг орон сууц, гарааш, хоёр ч газартай аж.

Кремлийн хамгийн баян эхнэр нь Ижил орчмын Холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Михаил Бабичийн эхнэр болов. Тэр эмэгтэй жилийн орлого нь 71 сая рубль байна. Түүний дараа ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворковичийн эхнэр нөхрөөсөө 10 дахин их 45,5 сая рублийн орлоготойгоор бичигдэв. Гуравт нь бас нэг зөвлөх Константин Чуйченкогийн эхнэр 33,27 саяын орлоготойгоор гурав дахь баян эхнэрээр шалгарчээ. Чуйченкогийн мэдүүлэгт бичсэнээр тэд хөрөнгөө зараад тийм орлоготой байсан гэнэ.

Хамгийн баян нөхрүүдийн тоонд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимаковагийн нөхөр Александр Будберг орж байгаа ба 30,5 сая рублийн орлого олжээ. Төрийн думд суугаа ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Гарри Минхийн эхнэр огт орлого олоогүй учраас хамгийн ядуу нь болов. Холбооны өмнөд тойргийн бие төлөөлөгч Владимир Устиновын эхнэр жилдээ 48 мянган рубль, Холбооны төв тойргийн  ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Олег Говоруны эхнэр 6600 рублийн орлоготой ядуухан эхнэрүүд байв.

Туслахуудтайгаа харьцуулахад Дмитрий Медведевын орлого даруухан. Тэрээр 2011 онд 3,37 сая рублийн ашигтай ажилласан нь өмнөх жилийн орлогоос 7,3 мянган рублиэр буурчээ. Банкуудад байгаа Медведевын 15 дансанд 5,2 сая рублийн хадгаламж бий гэнэ. Өнгөрсөн жилд тэрээр 14 дансанд 4,9 сая рубльтэй байжээ. Эхнэр Светланагийн хамт тэрээр 367,8 кв.м байртай ба хуучин загварын 1948 оны ГАЗ-20 “Победа”, 1962 оны ГАЗ-21машинтай. Медведев 0,4 га газар түрээсэлдэг аж.

Светлана Медведевын орлогын талаар мэдээлэл байхгүй. Түүний банкин дахь гурван дансанд дөнгөж 27 рубль байгаа гэнэ. Мөн эхнэрийнх нь нэр дээр өмнөхийн адил 32,5 кв.м талбайтай хоёр машины гарааш, 1999 оны Volkswagen Golf машин байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов 2011 онд 6,3 сая рубль олсон байна. Хоёр га газартай, 247 метрийн байрны талыг, 47 метрийн байрыг бүтнээр нь эзэмшдэг гэнэ. Мөн зуслантай ч автомашингүй. Харин эхнэр нь дөрвөн сая рублийн орлоготой Audi Q7 маркийн машинтай. Тамгын газрын орлогч дарга Вячеслав Володин  өнгөрсөн онд гурван жилийн өмнө Думын орлогч байхдаа олсон шиг 360 саяыг биш дөнгөж 3,9 сая рублийн орлоготой байв. Эд хөрөнгө нь бүтцээр хувирсангүй 0,8 га газартай, 421 кв.м орон сууцны барилгатай, 174 кв.м орон сууцтай, гарааш нь 18,7 кв.м хэвээр үлдсэн байна.

Засгийн газрынхны орлого

Өмнөх жагсаалтын тэргүүнд байсан Эрдэс баялгийн сайд Юрий Трутнев 211,6 саяын орлоготой Хлопинины дараа 114 сая рублийн орлоготойгоор  бичигдлээ. Трутнев 106,2 кв.м байрны хамтран эзэмшигч ба 153,4 кв.м орон сууцны бараг   бүтэн эзэмшигч нь ажээ. Мөн тэнд түүний эхнэр ба гурван хүүхэд бичигдсэн байгаа. Есдүгээр сар хүртэл тэрээр олон эд хөрөнгийн эзэн байсан ба тэдний тоонд 165 метрийн урт хашаа орж байв. Өнгөрсөн онд тэрээр газрууд, зочны байр, техникийн байгууламж зэргийг хөрөнгийн мэдүүлэгтээ бичин түрээсийн хугацааг нь 2011 оны аравдугаар сарын 31 гэж тавьсан байжээ. Трутнев эхнэрийнхээ хамт Porsche Cayenne, Мазерати М 145, ССЕ Грантурисмос, Фольксваген Туарег,  Ниссан Патрол зэрэг таван машинтайгаас гадна ATV Polaris квадроцикл, цас туулагч Bombardier INC ба TIKI-Treiler-X 300L авто чиргүүл, зэргийг эзэмшдэг. Түүний эхнэр өнгөрсөн онд орлогогүй байв. Эрчим хүчний сайд Сергей Шматко 3,3 сая рублийн орлоготой, эхнэр нь огт орлогогүй гэхдээ Porsche Cayenne машинтай  гэжээ.

“Ядуу биш сайд нарын бүлэгт Спортын сайд Виталий Мутко 17,2 сая рубль, Тээврийн  сайд Игорь Левитан 13 сая рубль, Сангийн сайд Антон Силаунов 11,4 сая рублийн орлоготойгоор орсон байна.

Владимир Путины Засгийн газарт хамгийн баян эхнэр нь ерөнхий сайд Игорь Шуваловын эхнэр бөгөөд тэр 2011 онд 365 сая рублийн орлого олжээ. Шуваловын өөрийн орлого нь дөнгөж 9,6 сая рубль байв. Тэднийх 175,7 кв.м, 108 кв.м хоёр байртайгийн эхнийх нь хамтын өмч болж байна.  424 кв.м нэг байрыг тэрээр Их Британид 10 жилээр түрээсэлжээ. Тэр Орост гурван байр (4174 кв.м, түрээсийн хугацаа тодорхойгүй), Австрид (1479 кв.м, түрээсийн хугацаа тодорхойгүй)  ба Арабын Нэгдсэн Эмиратад (753 кв.м, түрээс нэг жил) тус тус түрээсэлдэг нь гэнэ. Мөн Шувалов АНЭ-д 1245 кв.м газрыг жилээр түрээсэлсэн байна. Танхимдаа түүний автын парк хамгийн том нь. Тэрээр эхнэрийн хамт долоон машинтайн тав нь дээд ангиллынх (гурван Мерседес  S-ангиллын, Ягуар ба Лимузин ЗИЛ). Форд Химер Кемп микро автобус ба Жигули бас тэдэнд бий. Түүний үл хөдлөх хөрөнгө ба газар, байгууламжууд нь ихэнхдээ түрээсийнх гэнэ. Тэдний хоёр охин, хүү нь хөрөнгийн мэдүүлэгт хамрагдсангүй.

Ерөнхий сайдын орлогч Владислав Сурковын эхнэр Наталия Дубовицкая өнгөрсөн жилд 125 сая рублийн орлоготой байв. Дубовицкаягийн нэр дээр орон сууцны барилгын 2,6 га талбайтай дөрвөн  газар, 761,6 ба 598 кв.м-ийн хоёр сууцны барилга, 59,4 кв.м орон сууц бичигджээ. Тэр эмэгтэй CIitroen Picasso ба Mersedes-Benz Viano CDI маркийн хоёр машинтай гэнэ. Энэ хоёрын дараа Онцгой байдлын сайд асан одоо Москва мужийн захирагч Сергей Шойгугийн эхнэр 78 сая рублийн орлоготой гэхдээ Ауди-4 машинаас өөр хөрөнгөгүй гэж бичигдлээ. Бусад эд хөрөнгө нь Шойгугийнх гэнэ. Одоо Москва мужийн захирагч болсон тэрээр 1,8 га газартай бөгөөд орон сууцны байшин, хоёр орон сууцны хамтран эзэмшигч гэнэ. Баян эхнэр нөхрийн тоонд ерөнхий сайдын орлогч  Виктор Зубковын эхнэр (2011 онд 21,1 сая,  2010 онд 6,6 сая), Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковын эхнэр буюу Зубковын охин (2011онд 15,8 сая,  2010 онд 24,9 сая), Эдийн засгийн сайд  Эльвира Набиуллинагийн нөхөр (2011 онд 13,8 сая,  2010 онд 17,2 сая) рублийн орлоготойгоор орцгоож байна.

Ядуу сайд нарын бүлэгт 2,77 сая рублийн орлоготой Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков, 2,98 сая рублийн орлоготой Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Татьяна Голикова нар багтав. Сердюков 0,14 га газар байшин ба гарааштай, Голикова 0,75 га газартай, орон сууц нэг машины байртай. Сайд нар машингүй.

Засгийн газрын дарга Владимир Путин  2011 онд 3,66 сая рублийн ашигтай байв. Өмнөх жилд нь түүний орлого 5,04 сая хүрч байлаа. Тэрээр 0,15 га газар ба орон сууц ба гарааштай. Түүний хэрэглээнд хугацаагүй ашиглах улсын нэг орон сууц, гарааш байдаг. Путин ГАЗ-М-21 ба ГАЗ-М-21Р маркийн хоёр  Волга, Скиф авто чиргүүлийн эзэн гэнэ. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Виктор Зубков жилдээ 3,77 сая рублийн ашигтай ажиллав. Түүнд нийт 1,09 га талбай бүхий дөрвөн газар бий, мөн тэр хоёр зуслан, орон сууцны биш байгууламж нэгтэй. Волга ГАЗ-24 машинаа тэр Мерседес-Бенц 500 4матiс маркийн машинаар сольсон байна. Хоёр зогсоолын байртай гэнэ.

Өмнөх жилийнхээсээ ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак ядуурсан ба 3,01 сая рублийн орлогоос гадна ганц орон сууцтай үлдсэн байв. Өмнөх жилийн хөрөнгөө тэр эхнэрийнхээ нэр дээр бичүүлжээ. Нийт 0,7 га хоёр газар ба орон сууцны байшинтай байсан юм. Ерөнхий сайдын орлогч Владислав Сурков 5,01 сая рублийн ашиг олсноос өөр хөрөнгөгүй. Бүх хөрөнгийг нь эхнэр Дубовицкая эзэмшдэг ажээ.

Ерөнхий сайдын орлогч Игорь Сечины орлого даруухан дөнгөж 3,09 сая рубль. Мэдүүлэгтээ 0,15 га газар, Субару-Легаси машиныг бичүүлсэн байна. Түүний газар, орон сууцны байшин, гарааш, ахуй байгууламж өмнөх жилийн мэдүүлэгт байлаа. Харин түүний эхнэрийн орлого өсч есөн сая рубль болжээ. Өмнөх жилд нь огт орлогогүй гэрийн эзэгтэй байсан гэнэ.

Владимир Путины эхнэр 2011 онд 443,03 мянган рубль олсон нь түүнийг  хамгийн ядуу эхнэрүүдийн нэг болгож байна. Өмнөх жилдээ үүнээс ядуу 146 мянган рублийн ашигтай байжээ. Дмитрий Рогозин гэх ерөнхий сайдын орлогчийн эхнэр Татьяна жилийн орлогоо 108 мянган рубль гэж мэдүүлээд өөр хөрөнгөгүй гэв. Харин Рогозинд Ленд Ровер Рейндж, Ауди Q7 машинууд, BMW K200LT мотоцикл байгаа юм байна.

Гадаад хэргийн сайд Лавровын эхнэр Мариягийн орлого 336,38 мянган рубль байв. Хувийн байгууламжийн зориулалттай 0,14 га газар, орон сууцны байшин гарааштай гэж тэр мэдүүлжээ. Спорт, аялал зуучлалын сайд Муткогийн эхнэрийн орлого 739,68 мянган рубль байлаа. Нэг орон сууцтайгаас гадна хоёр орон сууцны хувийг эзэмшдэг байна. Андрей Фурсенко сайдын эхнэрийн орлого 755 997 рубль болсон ба Volvo S 80, Rover 75 машинууд, орон сууцны эзэн нь Татьяна Фурсенко юм байна.

Кремлийн хамгийн ядуу түшмэл

Дарга нарын дотроос хамгийн ядуу түшмэл нь Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын туслах Михаил Попов бөгөөд тэр өнгөрсөн жилд 1 сая 871 мянган рублийн орлоготой, “Kia Sportage” машинаар явдаг, 76 кв.м. байрны гуравны нэгийг эзэмшдэг гэнэ. Попов эхнэргүй. Харин ерөнхийлөгчийн зөвлөх Абызовын эхнэр амжилттай эхнэрүүдийн жагсаалтад орсонгүй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж