Афганистаны дипломатуудад сургалт явуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Афганистаны дипломатуудад сургалт явуулж байна

Монгол Улсын Гадаад харилцааны яам Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-тай хамтран 2012 оны дөрөвдүгээр сарын 16-27-нд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс /ЛБНАУ/-ын  дипломатуудад зориулан “Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр долоон хоногийн сургалт семинарыг зохион байгуулж байна. ГХЯ-ны Сургалт, судалгааны төвд болж байгаа энэхүү семинарт  Афганистаны 12 дипломат хамрагдаж буй ажээ.

Монгол Улс анх удаа гадаад орны дипломат нарт зориулан сургалт зохион байгуулж байна. Ингэснээр улс орноо дэлхийд сурталчлах, манай нэр хүндийг өсгөх, гадаа үйл ажиллагааны чадавхийг дэлхий дахинд харуулахад чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Монголын түүх, гадаад бодлого, олон улсын харилцаа, стратеги судлал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, геополитик,  терроризм, олон улсын эрх зүй зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлуудыг хамарсан сэдвүүдээр хичээл заана. Энэхүү сургалтын хөтөлбөрт тусгасан лекцүүдийг МУИС-ын ОУХС, Стратеги судлалын хүрээлэнгийн судлаачид болон ахмад дипломат нар заана. Сургалт англи хэлээр явагдана. Мөн урьд өмнө дипломат алба хашиж байсан БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг нар уригдаж лекц унших гэнэ. Тэд амралтын чөлөөт цагаараа Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газруудтай танилцана гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж