Монгол, Туркийн улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Монгол, Туркийн улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Туркийн ГХЯ-дын улс төрийн ээлжит III зөвлөлдөх уулзалт 2012 оны 4 дүгээр сарын 13-нд Анкара хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, Туркийн талаас ГХЯ-ны Төв Ази, Кавказ, Дорнод Европын газрын Ерөнхий захирал, элчин сайд Хайри Хайрэт Ялав нар тэргүүлж, манай талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа элчин сайд О.Очиржав, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, туркийн талаас ГХЯ-ны Төв Ази, Кавказ, Дорнод Европын газрын ерөнхий захирлын орлогч Хайрийе Кумашчиолу Доонан, Төв Азийн хэлтсийн дарга Өзтүрк Йилмаз болон ГХЯ-ны Орос, Хятад, ЕАБХАБ, Соёл иргэншлийн холбоо, ШХАБ, АХАИББХ-ыг хариуцсан ажилтнууд оролцов.

Уулзалтын үеэр Туркийн Гадаад хэргийн сайд Ахмэд Давутолу-г Монгол Улсад айлчлахыг урьсан Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгыг гардуулав.  
Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, улс төрийн харилцааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн салбарт ХАА-н загвар хоршоо, аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Истанбул-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг нээх зэрэг тодорхой төсөл хэрэгжүүлэх, түүнчлэн талуудын сонирхсон олон улсын асуудлууд, ЕАБХАБ, ШХАБ, АХАИББХ-ын үйл ажиллагаанд оролцож буй талаар харилцан мэдээлэл хийж, дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын үеэр Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны VII хуралдаан, олон талт хамтын ажиллагаа, 2012-2014 онд хэрэгжүүлэх харилцан айлчлалуудын талаар тохиролцов.

Хоёр тал ГХЯ-дын консулын анхны зөвлөлдөх уулзалтыг Анкарад энэ оны хоёр дугаар хагаст, улс төрийн дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2014 онд Улаанбаатарт хийхээр тус тус тохиролцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж