Энэтхэг зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Энэтхэг зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэнэ

Энэтхэг улс 90 хүний суудалтай зорчигч тээврийн анхны онгоц үйлдвэрлэх ажлаа эхэлсэн талаар “Times of India” сонин мэдээллээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар онгоц биотүлш хэрэглэн, агаар мандалд хорт хий бага ялгаруулах гэнэ. Түүнчлэн онгоцонд орчин үеийн нислэгийн цахим төхөөрөмжүүдийг суурилуулах юм. Ингэснээр онгоц хөөрөх болох буух зурвасын талбай маш бага болох аж.

Энэтхэгчүүд онгоцоо Үндэсний иргэний агаарын онгоц NCA-90 (National Civil Aircraft) гэж нэрлэж байгаа бөгөөд одоогоор туршилтын долоон загварыг хийсэн гэнэ. Одоогоор онгоц үйлдвэрлэх зураг төсөл болон туршилтад 43,5 тэрбум рупий буюу 871 сая ам.доллар зарцуулаад байна. Үйлдвэрлэл эхлэхэд дахиад 32 тэрбум рупий буюу 640 сая ам.доллар шаардлагатай ажээ.

Туршилтын хэсгийн ахлагч Судип Кумар хэлэхдээ онгоц үйлдвэрлэхэд Энэтхэгийн томоохон компаниуд “Tata Group” болон “Mahindra aerospace”-тэй хамтрах гэрээ хийж байгаа гэж мэдэгдсэн байна. Өмнө нь Энэтхэг улс 14 хүний суудалтай онгоц үйлдвэрлэн туршиж байжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж