-Тайландын баг хамгийн хүчтэй өрсөлдөгч байв уу?
-Бөмбөг бөөрөнхий гэдэг шүү дээ. Бидний хувьд бүх л баг хүчтэй өрсөлдөгчид байдаг. Ер нь тэр муу, энэ сайн гэх нь спортод зохимжгүй юм шиг санагддаг. Волейболын спорт олон хүний нэгдмэл байдлыг шаарддаг учир бидний нэг нь л тоглолтын үед жаахан л анхаарал сарнивал ялагдана гэсэн үг.
-Нутгийн дэвжээ зөөлөн байлаа. Хариуцлага өндөр байдаг уу?
-Гадаадад болдог тэмцээнээс хариуцлага илүү өндөр байдаг. Нутагтаа болж байгаа учраас заавал медаль хүртэх ёстой. Спорт сонирхогчид үүнийг л хүсдэг.
-Тайландад болсон анхдугаар тэмцээнээс шилдэг тамирчин болж байсан байх аа?
-Манай багийн хувьд тэр тэмцээнд гэнэт явсан. Дэлхийн оюутны унивирсиадад багаараа явж ирээд тэмцээний өмнөх өдөр л хувцсаа бэлдээд явж байлаа. Амжилт гаргасандаа их баяртай байгаа. Шилдэг болсон маань их гэнэтийн зүйл байсан. Маш их баярласан.
-Тэмцээний зохион байгуулалт хэр болов. Олон улсын бусад тэмцээнтэй харьцуулахад ямархуу төвшинд байна?
-Зохион байгуулалтын хувьд маш өндөр байлаа. Өмнө нь 2008 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг манайх зохиож байсан. Би оролцож байсан. Зохион байгуулалт их өндөр болсон. Манайд ер нь Азийн волейболын тэмцээн их өндөр төвшинд зохиогддог. Манайхан ч нутагтаа сайн тоглолоо.
-Уучлаарай, та бүхний амжилтыг чамлаж байгаа юм биш шүү. Гэхдээ энэ тэмцээнд Азийн шилдэг багууд бага ирлээ гэсэн шүүмжлэл бас байна…
-Мэдээж мэдүүлгээ өгсөн багууд ирсэн бол тоглолт арай өөр болох байсан байх.
-Хэрвээ тэд ирсэн бол?
-Оюутны тэмцээн учраас манай багийн хувьд шилдэг багууд ирсэн ч өндөр амжилт гаргах байсан. Ер нь манай багийн хувьд их ирээдүйтэй баг бүрдэж энэ тэмцээнд орж байгаа.
-Багийн бүрэлдэхүүнийг харахад их шинэчлэгдсэн байна лээ. Буянжаргал та хоёр л туршлагатай тамирчин нь байлаа. Залуу тамирчидтай гар нийлэх нь хэр байв даа?
-"Эрчим" клубт байхдаа дандаа өөрөөсөө ахмад тамирчидтай тоглодог байсан. Тэгээд "Энагура" руу явсан. Энэ тэмцээнд багийнхантайгаа орсон болохоор сайн гар нийлсэн.
-Ингэхэд хэдэн оноос волейболоор хичээллэж эхэлсэн билээ?
-Арван жил болчихсон байна. 2002 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн.
-Төмөр замын cypгyyлиас тоглодог байсан бил үү?
-Хамгийн анх Төмөр замын Ган замын 20-р сургуульд Солонго багшийн шавь болж очиж байлаа. Тэгээд "Эрчим" клуб рүү Баасансүрэн дасгалжуулагчийн удирдлага дор тоглож байгаад "Энагура" клубт ирсэн. Анхны багш маань Солонго, Баасансүрэн хоёр.
-Таныг спорт сонирхогчид Монголын Гамова гэдэг. Танд маш их итгэл хүлээлгэж байна гэсэн үг биз дээ?
-Харин хүмүүс тэгж яриад, тэгж дуудаад байдаг л даа. Миний хувьд сайн тамирчин сайн хувь хүн байхыг л бодож, хичээж явдаг.
-Хүндэлж явдаг тамирчин байдаг л байх. Яг л ийм сайн тоглодог болчих юмсан гээд үлгэр авдаг, хурцлагддаг тамирчин байдаг биз дээ?
-Тийм юм бодож байгаагүй юм байна аа. Харин Нарантуяа эгчийн тоглолтыг үздэг байлаа. Их мундаг тамирчин. Хүндэлж явдаг, сайн тамирчин гэж боддог.
-Анх энэ спортоор хичээллэхдээ хэр амжилт гаргана гэж байв?
-Ерөнхийдөө би их шартай хүн л дээ. "Эрчим" клубт орсноор их олон зүйлийг сурсан. Бүх тамирчид надаас эгч, манай урдаа барьдаг тамирчид байсан. Баасансүрэн дасгалжуулагчийн хувьд ч бас их олон зүйлийг заасан. Надтай ганцаарчилсан бэлтгэл хийдэг байсан. Үүний үр дүнд өнөөдрийн хэмжээнд хүрсэн гэж боддог.
-Багийнхан, дасгалжуулагчаас гадна амжилт гаргахад гэр бүлийхэн их нөлөөлдөг. Гэр бүлийнхэн чинь хэр ойлгож, дэмждэг вэ?
-Манайхан маш сайн дэмждэг. Тэр тусмаа аав маань анх намайг хөтөлж энэ спортод оруулсан. Аав маань одоо хүртэл миний бүх тоглолтыг үздэг хамгийн сайн шүүмжлэгч. Энэ чинь болохгүй байсан, тэр чинь болохгүй байна гээд л шүүмжилнэ шүү дээ. Дандаа л шүүмжилдэг. /инээв/
-Залуу тамирчны хувьд илүү олон жил амжилт гаргана байх?
-Нас залуу байна тоглоно оо. Гэхдээ бас амьдралаа бодно. Сонирхдог спорт маань учраас цаашдаа тоглох байх.
-Тамирчин болгонд ялалтын сайхан дурсамж байхад, ялагдал хүлээсэн харамсалтай тоглолт байдаг байх?
-Байлгүй яахав. Аравдугаар ангиа төгсөх жил Өсвөрийн улсын аваргаар Эрдэнэтэд "Эрчим" клубтэй алтын төлөө таван сет гаргаж тоглосон юм. Сүүлийн үе дээр 9:14-өөр хожиж байгаад хожигдсон маань хамгийн харамсалтай тоглолт байдаг.
-Энэ тэмцээний дараа ямар тэмцээнд оролцох вэ?
-Одоо клуб, клубээсээ Бүх ард түмний спартикадад оролцоно. Олон улсын тэмцээн гэвэл наймдугаар сард Азийн аваргад оролцоно.
"Зууны мэдээ" сонин