
Хоёр багийн эхний тоглолт нэмэлт цагт талбайн эзэн “Финикс Койтс”-ын талд шийдэгдсэн бол энэ тоглолт мөн л нэмэлт цагт ялагчаа тодрууллаа. Уг нь “Финикс” тоглолтын хоёрдугаар үеийн төгсгөлд Антони Вермэттийн оруулсан гоолоор 3:2 харьцаатай тэргүүллийг гартаа аваад байсан юм. “Чикаго”-гийн хаалгач плей-оффын тоглолт эхэлснээс хойш нийтээ 67 цохилтыг хүлээн авч, энэ гоолтой нийлээд зургаа дахь гоолоо хаалгандаа алдаж байгаа юм. Гэхдээ тоглолтын сүүлийн мөчид буюу гуравдугаар үе дуусахаас 10-аадхан секундын өмнө “Чикаго” тооны харьцааг тэнцүүлж чадсан. Брэнт Сибрүүкийн дамжуулалтаар Патрик Шарп үндсэн цаг дуусахаас ердөө зургаахан секундын өмнө тэнцээний гоолыг хийж, тоо 3:3 болсон. Ийнхүү цувралын хоёр дахь тоглолт ч мөн адил цаг сунгагдсан бөгөөд “Финикс” талбай дээрээ сүүлийн боломжоо ашиглахыг хүсч байлаа. Гэсэн ч Миккел Бёдкерийн гоол хийх 100 хувийн боломжтой цохилтыг “Чикаго”гийн хаалгач Кори Кроуфорд зогсоож, тэднийг замд том саад болсон юм. Харин “Финикс” хамгаалалтын маш том алдаа гаргаж, “Чикаго”-гийн Виктор Сталберг сэлгээгээр орж ирээд шайбыг булаан авч дамжуулалтыг Брайн Бикеллд өгсөн. Канад довтлогч ч шууд цохин гоолдсоноор тоглолтын сүүлийн хонх дуугарч 4:3 харьцаатай “Чикаго” тус тоглолтонд ялалт байгуулсаан. Ийнхүү “Финикс”-т болсон эхний хоёр тоглолт нэмэлт цаг сунгасан сонирхолтой тулаанаар өрнөсөн бол дараагийн хоёр тоглолт “Чикаго”-гийн алдарт “Юнайтед центр”-т болох болно. Одоогоор цувралын харьцаа 1:1 байна.