Ойрын найман жилийн дотор Улаанбаатар хотын өнгө төрх бүрэн өөрчлөгдөнө. Одоо байгаа 400 гаруй км авто зам 2000 км болж, нэг төвтэй хөгжил нь өөрчлөгдөн дагуул хотууд бий болно. Үүнтэй зэрэгцэн дэд бүтэц хөгжиж, цахилгаан дулааны асуудлыг шийдвэрлэн, шинэ шинэ бүтээн байгуулалтууд өрнөнө. Түүнээс урьтаж хийгдэх ажлууд ч олон байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах асуудал. Судалгаанаас үзэхэд ойрын 5 жилийн дотор утаанаас салах боломж байна. Тиймээс энэ асуудлыг шинэ Улаанбаатар хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд ч тусгажээ. Хотыг 2020 он хүртэл хөгжүүлэхдээ зөвхөн төвөөс гадна зуслан руу ч тэлж өөрчилнө. Хот орчмын зуслангийн газруудыг хоггүй, дэд бүтцийг нь шийдсэн, түргэн тусламжийн авто машинууд явах боломжтой болгож хөгжүүлэхээр төлөвлөж. Өнөөдрийн хувьд Улаанбаатар хотод асуудал шийдэх боломж алга байгаа. Хөгжлийн төлөвлөгөө, зам барилга нь зам тээвэр барилга хот байгуулалтын яамных, эрчим хүчтэй холбоотой асуудал нь эрдэс баялаг эрчим хүчний яамных. Гэхдээ эрх мэдэл байхгүй гээд зүгээр суулгүй хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулаад буй нийслэлийнхний Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг УИХ-аас хуульчлан батлах юм.
Хотын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тогтоол гаргалаа. 2020 он гэхэд Улаанбаатар хотод дэд бүтэц, зам барилга, ногоон байгууламж хэрхэн нэмэгдэх төсөөлөл өнөөдөр батлагдаж байгаа ч хэрвээ эдийн засаг илүү эрчимтэй хөгжвөл түүнийг даган дахин тодотгох боломжийг нь уялдуулж өгчээ.
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn