Д.Нинж мөн мэдээлэл хийх үеэр өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн амьдралд томоохон хоёр үйл явдал тохиосныг онцлон хэлсэн юм. Үүнд, өнгөрөгч баасан гаригийн өглөө 06.00 цагт Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан, мөн дөрөвдүгээр сарын 12-нд Хамаг Монгол хөдөлмөрийн намын дарга Т.Молор-Эрдэнэ алсыг харсан улс төрийн мэдэгдэл хийж, “Улс үндэстнээ аврах улс төрийн үндсэн хүчин” байгуулагдаж буйг зарласныг талархан хүлээн авч, үүнд нэгдэж байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Ардчилсан хувьсгал ялснаас хойш өнгөрөгч 22 жилийн турш монголчууд бие биеэ тасралтгүй хардан сэрдэж, хамааралтай, хамааралгүй зүйлээр байнга биенээ буруутгаж, үнэн шударга зүйлийн хойноос эцэс төгсгөлгүйгээр хөөцөлдөн ирлээ. Тиймээс бид болохгүй, бүтэхгүй байгаа энэ байдлаас гарах ёстой. Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагаанаас үүдэн Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнээс халиад гарчихсан байдлаасаа буцаад Үндсэн хууль хэрэгждэг орчин руугаа орьё” хэмээгээд, энэ зорилгын хүрээнд дөрөвдүгээр сарын 25-нд Төрийн ордонд улс төрийн этгээдүүдийн чуулга уулзалт зохион байгуулах санал дэвшүүлж буйгаа дуулгав. Тус чуулганд Монголын улс төрийн нам, эвсэл, холбоод нүүр тулан дугуй ширээний уулзалт хийж, “Монгол үндэсний ухаарал эвлэрлийн бодлого” буюу ирээдүйд Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх, хэрхэн авч явах зөв зүйтэй төлөвлөгөөг төрийн гурван өндөрлөгийн хамт төлөвлөн, эвлэлдэн нэгдэхэд гол зорилго нь оршиж байгаа аж.
Энэхүү чуулга уулзалтад оролцох ёстой бүх улс төрийн нам, эвсэл, холбоодын дарга нарыг бүртгэх ажил өнөөдрөөс эхэлж буй гэнэ.