
Төв аймгийн эмэгтэйчүүд орон нутгаас анх удаа зохион байгуулалтад орж, тулгарч байгаа асуудал, бэрхшээлтэй хамтдаа тэмцэх зорилт тавин ажиллаж эхэллээ. Тэд цаашид улс төр, эдийн засаг, байгаль экологийн гэсэн үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж, эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэн ажиллах гэнэ. Үүнд, орон нутгийн эмэгтэйчүүдэд өөрийн гэх өмч хомс тул эмэгтэйчүүдийн эдийн засгийн бие даасан чадавхийг дээшлүүлэх, өмчлөлийн асуудал, мөн тус тусдаа, багахан хэмжээнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн жижиг, дунд үйлдвэрлэлийг нөхөрлүүлэн хоршуулах замаар тэдний эдийн засгийн асуудлыг шийдэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн ирэх зургадугаар сард тохиох Орон нутгийн сонгуульд тухайн бүс нутагтаа нэр нөлөө бүхий, олны итгэлийг хүлээсэн эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд оролцоход нь дэмжлэг үзүүлэн, сургах, итгэл үнэмшил олгох тал дээр хамтран ажиллах юм байна. Түүнчлэн, орон нутагт суудал бүхий эмэгтэйчүүдийн байр суурийг хадгалан нам эвсэл харгалзахгүйгээр дэмжих, цаашид энэхүү тоо нэмэгдүүлэн эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд буй ажээ.