Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний нэг болох “Mining Mongolia 90” олон улсын чуулга уулзалт тавдугаар сарын 9, 10-нд МҮЭСТО-д болно. “Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор болох олон улсын чуулга уулзалтыг Эрдэс, баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулах юм. Уул уурхайн салбар үүсч хөгжсөний ойг тэмдэглэн өнгөрүүлэх оргил арга хэмжээ энэ болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа бөгөөд гадаадын 100 гаруй, дотоодын аж ахуй нэгжийн төлөөлөл болсон 1000 гаруй мэргэжилтэн, судлаачид оролцох гэнэ. Энэхүү чуулга уулзалт нь нийгэмд уул уурхайн салбарын тэнцвэртэй ойлголт өгөхийг эрмэлзэж буй ажээ. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг татахдаа бус, өнгөрсөн 90 жилийн хугацаанд юу хийсэн, алдаа оноо, ололт амжилтыг дүгнэн, цаашид юу хийхээ тодорхойлох их үйлсийн эхлэл болох тухай онцолж байна.
Энэ талаар Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяраас тодрууллаа.-Чуулга уулзалтыг ихээхэн онцлогтой болно гэж онцолж байна. Энэ талаар тодруулахгүй юү?
-“Mining Mongolia 90” олон улсын чуулга уулзалт нь аливаа уул уурхайн хэлэлцүүлэг, чуулга уулзалтын адил гадны болоод дотны хөрөнгө оруулалтыг татах нэн тэргүүний зорилгоор бус, өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойлж, хөгжлийн шатанд хэрхэн ахих вэ гэдэг гарц нээх юм.
-Уул уурхайн салбарын хөгжлийн боломжит гарцыг нээх, үр ашгийг жигд тараах талаар онцолж байна. Тэгэхээр энэ нь бусад салбартай холбогдох болж байна?
-Тэгэлгүй яахав. Энэ их ач холбогдолтой гаргалгаа гарч ирэх юм. Чуулга уулзалт зөвхөн уул уурхайн салбарыг хамрах бус, бусад нийгмийн салбарыг хамруулах төлөвтэй байна. Ингэхдээ ууд уурхайн үсрэнгүй хөгжил бусад салбарт хэрхэн нөлөөлж, харилцан хамтарч ажиллах тухай юм. Тухайлбал, холбогдох яам, агентлагийн хүрээнд авч үзвэл, БСШУЯ, Сангийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамдтай хэрхэн хамтарч, улс орны хөгжилд хөрөнгө оруулах боломжтой болохыг олж харах юм.
У.БОЛОР