Халдашгүй байдалд халдсан тухай хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Халдашгүй байдалд халдсан тухай хэлэлцэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр нараас хандан тавьсан УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан тухай гомдлыг авч хэлэлцлээ. Гэхдээ нэр бүхий гишүүд ажлын хэсэг байгуулж, энэ асуудлаар дүгнэлт гаргуулахыг хүссэн учраас шийдлийг гаргах гэж байнгын хорооны гишүүд нэлээд мэтгэлцэв. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Зөвхөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах нь өрөөсгөл, тал, талын байнгын хорооноос гишүүд оролцсон ажлын хэсэг байгуулах ёстой” гэж үзсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Халдашгүй байдлын дэд хороо асуудлыг хэлэлцэх байсан юм биш үү” гэж хэлж байв. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Халдашгүй байдлын дэд хороогоор ямар асуудал хэлэлцдэгийг та бүхэн бүгдээрээ сайн мэдэж байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг ярьдаг. Тийм байтал Төрийн байгуулалтын байнгын хороо ч гэх юм уу, Халдашгүй байдлын дэд хороо гэж хаяглах нь учир дутагдалтай. Мөн тус байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар харьяалагддаг. Нэг нь гомдол гаргаад, нөгөө нь хариуцлага алдсан болж хувирчихаад байна. Тэгэхээр бас асуудалтай. Дөрвөн гишүүний гаргасан гомдолд гишүүдийн биед халдаж, эд хэрэгсэл эвдсэн гэдэг үндэслэл тавигдсан. Тийм учраас асуудлыг би Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж бодож танилцууллаа гэсэн юм. Харин Ч.Сайханбилэг гишүүн “Тусгай хяналтын дэд хороогоос асуудлыг хэлэлцэх нь бөөн сонирхлын зөрчил үүсгэх нь” хэмээж байв.

Ингээд нэлээд ярилцсаны эцэст УИХ-ын Хууль зүйн байнгын хороо асуудлыг авч хэлэлцэх нь зөв гэж үзсэн юм. Гэвч хэлэлцүүлгийн шатанд олон асуудал хөндөгдлөө. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Авлигын хэрэгт холбогдсон хүнийг саатуулах оролдлого хийж байхад УИХ-ын гишүүд өөрсдөө тэр хүрээлэлд нь явж орсон. Ингэснээрээ авлигын хэрэгт холбогдож байгаа этгээдэд гишүүд өөрсдөө УИХ-ын Халдашгүй байдлаа ашиглуулчихсан юм биш байгаа. Энэ тохиолдолд гишүүд өөрсдөө буруутай болно. Мөн баривчлан саатуулах ажиллагаа явуулах гэж байхад УИХ-ын гишүүн хүн урдаас нь чигчий хуруугаараа “Май чи” гэсэн дохио өгөөд байх нь хэр зохистой вэ. Тийм учраас асуудалд нухацтай хандах ёстой гэв. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Шүүхийн шийдвэрийг хэн ч байсан хүлээн зөвшөөрөх ёстой. Саатуулах шийдвэр гаргасныг буруутгасан зүйл алга. Гагцхүү цагдаа, хүчний байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагаа үнэхээр бохир, ур чадваргүй хуулийн бус хүрээнд хийгдээд байгаад олон нийт жигшин зэвүүцэж байна. Нэг хүнийг баривчлахын төлөө 300, 400 цагдаа, тусгай албаныханг оролцуулж сүржигнэх хэрэг байсан юм уу. Дээр нь шүүхийн шийдвэрээ эхэлж танилцуулахгүйгээр ажиллагаа явуулсан байгаа. Уг нь бол эхлээд хаанаас яваагаа ямар шийдвэртэй яваагаа танилцуулж ажиллагаа явуулах байсан. Гэтэл баахан энгийн хувцастай, нүүрэндээ баг өмссөн этгээдүүд дээрэм хийх гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Энэ явцад галт зэвсэг хэрэглээд иргэдийн амь нас хохирсон бол хэн хариуцлага хүлээх байсан юм бэ. Тухайн үед телевизүүд үйл явдлыг цаг алдалгүй хүргэж байсан, энд цагдаагийнхан хэргээр зодоон цохион үүсгэж байна гэж хэлж байсан. Магадгүй тэр долдугаар сарын 1-ний хэргийг цагдаагийнхан өөрсдөө энгийн хувцастай очоод өдөөн турхирч нийгмийг эмх замбараагүй байдал руу өдөөн хатгасан юм биш байгаа гэх гаргалгааг хийхэд хүргэж байгаа. Хэдий болтол цагдаа, хүчний байгууллагууд ингэж сүржигнэдгээ болих юм. Би л нэг цагдаа, би л нэг тусгайгийнхан гэж хууль зөрчиж иргэнд халддагаа болих хэрэгтэй. Мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллах ёстой. Миний ойлгосноор УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын хэлснээр бол нүүрэндээ баг өмссөн энгийн хувцастай этгээдүүд гэр шууд дайрч орж ирээд “Гараа өргө, газар хэвт” гээд хашгирсан гэж байгаа. Гудамжинд хэн нэгнийг явж байхад “Гараа өргө газар хэвт” гэвэл яах уу, ямар нэг үйлдэл хийж таарна биз дээ. Мөн энэ баривчлах процессыг хараад монголчууд тэр шөнө унтаж чадаагүй, нэг хэсэг нь хэрэг явдал болж байгаа газарт очсон. Нөгөө хэсэг нь телевизор үзэж юу болж байгааг харсан. Харин ганц хүн унтсан байсан тэр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан.

Ер нь бид ийм асуудалд үнэн зөв гаргалгааг гаргах ёстой. Тийм учраас УИХ-ын гишүүдийн биед халдсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон уу, аль эсвэл гишүүд өөрсдөө Х.Тэмүүжин гишүүний хэлснээр халдашгүй эрхээ бусдад ашиглуулсан уу гэдгийг үнэн зөвөөр тогтоох ёстой. Хэрвээ гишүүд буруутай гэвэл хариуцлагаа хүлээг, цагдаа, хүчний байгууллага УИХ-ын гишүүний эрхэд халдсан гэж үзвэл хариуцлага мөн тооцогдох ёстой. Тиймээс үнэн зөвийг олохын төлөө УИХ ажиллах ёстой гэсэн юм. Гэхдээ энэ асуудлыг ярьж ярьж эцэст нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзсэнээр энэхүү хурлыг өндөрлүүлэв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж