Н.Энхбаярын номын нээлтийг хүү нь хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын номын нээлтийг хүү нь хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номын нээлт өнөөдөр болов. Тэрбээр Төв аймгийн Урьдчилан хорих ангид саатуулагдаад байгаа учир том хүү Э.Батшугар нь аавынхаа номын нээлтийг хийсэн юм. Энэ үйл ажиллагаанд тус номыг эрхлэн гаргасан зохиолч Д.Гүн-Үйлс болон Д.Төрбат, Д.Гармаа, Т.Баасансүрэн, Б.Догмид, Г.Мэнд-Ооёо, Д.Цэнбэл, До.Цэнджав , С.Дулам, Р.Ганбат, Л.Хуушаан, С.Лочин, Го.Жамц, Шаг.Цэнд-Аюуш нарын уран бүтээлч, зохиолчдоос гадна Н.Энхбаярын гэргий О.Цолмон хүрэлцэн ирсэн байв.

“Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номонд Н.Энхбаярын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бичсэн нийтлэл, мэдэгдэл, хэлсэн үг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагууд багтжээ.

Тус номын нээлтийг гуравдугаар сарын 15-нд МАХН-ын дарга өөрийн биеэр хийх байсан ч хоригдсон учир хүү нь төлөөлөн ирсэн нь энэ аж. Тэрбээр аавынхаа бүтээлийн дээжийг зохиолчдод гардуулан өгч, талархлаа илэрхийлсэн юм.

Номын нээлтэд хүрэлцэн ирсэн нэр бүхий зохиолчид Н.Энхбаярыг нэн даруй суллахыг эрх баригчдаас шаардаж  буйгаа мэдэгдлээ. Тэд “Дөрөвдүгээр сарын 12-ний үүрээр болсон баривчилгааг Монголын зохиолчид эсэргүүцэж байна. Н.Энхбаяр бол оюун санааны тэргүүн шугамын дайчин зохиолчдоос төрсөн Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч байх бүрэн эрхийн хугацаа дууссан өдрөөс бугшсан бузар бүхнийг уудлан илрүүлэх үйлсийн төлөө олигархиудтай тууштай тэмцэж байгаа билээ.Түүний төрөлхийн эх оронч үзэл санааны гэрэлд далдирч, үнэнч шударга сэтгэлийн хүчит шуурганд далдирч сандарсан олигархиуд арга ядсан арга хэрэглэж, төрийн төмөр нумаар  далайлган сүрдүүлж байна” гэсэн юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж