байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй
Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт
явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө орууллаттай "Петро Чайна Дачин
Тамсаг" ХХК-тай холбогдох байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хохирол
барагдуулах тухай хэргийг шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн шүүхийн
иргэний танхимд болно. Үүнтэй холбогдуулан Монголын байгаль хамгаалах
иргэний хөдөлгөөний эвслийн тэргүүн Б.Баярмаа, Дорнод аймгийн Матад
сумын ИТХ-ын дарга Ц.Энхмаа, Хуульч, өмгөөлөгч Т.Мэндсайхан нар
сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус төвийнхөн 2010 оноос эхлэн "Петро Чайна
Дачин Тамсаг” компанийг зөрчлөө арилгаж, байгаль орчинд учруулсан
хохиролоо бүрэн төлж барагдуулах, үйл ажиллагаагаа Монгол Улсын хуулийн
дагуу явуулахыг шаардсаар байгаа ажээ.
Анх стратегийн өмгөөллийн
хүрээнд 2010 оны тавдугаар сарын 5-нд Матад сумын нэр бүхий таван иргэн,
Матад сумын Засаг дарга нар “нөхөн сэргээлт хийлгэх, хохирол
барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг БЗД-ийн шүүхэд гаргасан боловч
2011 есдүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүгч захирамж
гаргасан байна. Гэвч тус эвслийнхэн “Петро Чайна”-гийн хууль бус
үйлдлийг, байгаль орчныг сүйтгэсээр байгааг тэвчиж чадаагүй гэнэ. Үлмаар
2011 оны есдүгээр сарын 05-ны өдөр БЗД-ийн шүүхэд шинжээчийн дүгнэлтийн
дагуу “Петро Чайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийн Матад сумын байгаль
орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж, Матад сумын төсөвт
оруулах, нөхөн сэргээлт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин
гаргаснаар иргэний хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Гэвч шүүх хурал ямар
нэг шалтгаанаар гурван ч удаа хойшилж, хэрэг шийдэгдэхгүй удааширсаар
байгаа гэлээ.
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн хуульч, өмгөөлөгч Т.Мэндсайханаас цөөн асуултад хариулт авлаа.
-Хоёр
жилийн өмнө бид "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн байгаль орчинд
үзүүлсэн хохиролыг нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан юм. Бид Матад сумын 19
дүгээр талбай дээр явагдаж байгаа газрын тосны хайгуулын явцад үүссэн
цооног, хаягдлын санг дагасан байгаль орчны бохирдол, мөн бэлчээр
талхалж буй хүнд даацын машинууд зэргэээс нөхөн төлбөр нэхэж байгаа юм.
-Хэдэн төгрөгийн нөхөн төлбөр нэхэж байгаа вэ?
-Бидний
тооцолон гаргасан хохирлын хэмжээ болох 1,3 тэрбум төгрөгийг нэхэмжилж
байгаа юм. Нөхөн сэргээлт хийсэн хэмээн мэдэгддэг ч үнэн бодитоор бол
энэ нь үнэхээр хангалтгүй байгаа юм. Нийт талхлагдсан бэлчээр гэвэл 1130
га газар байгаа. Нөгөөтэйгүүр байгаль орчинд үзүүлсэн хохирлыг шинжээч
томилж тооцоо гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан
тул нотлох баримт хангалттай гэж үзэж байгаа юм. Бид нэхэмжилсэн мөнгөө
авч чадвал орон нутгийн санд оруулан, байгалиа нөхөн сэргээх үйлст
зарцуулна.
-Шүүх хурал ямар шалтгаанаар гурван удаа хойшлов?
-Нийт гурван удаа хойшлоод байна. Голдуу нэхэмжлэгч талын зүгээс янз бүрийн хүсэлтүүд гаргаснаас шалтгаалж байна.
-Орон нутгийн иргэд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Нийт
ард иргэд бидний үйл ажиллагааг бүгд дэмжиж байгаа юм. Учир нь Матад
суманд мал бэлчээрлэх талбай байхгүй, өвс ногоо ургахааргүй болсон. Тийм
учраас л бид нөхөн сэргээлтийн мөнгө нэхээд байгаа юм. Маргаашийн анхан
шатны шүүх хууль ёсны дагуу болно гэдэгт найдаж байна.