Андерс Брейвикийг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Андерс Брейвикийг шүүх хурал эхэллээ

Норвегийн нийслэл Осло хотын шүүхэд Андерс Брейвикийн шүүх хурал өнөөдөр болж байна. Тэрбээр шүүхийн танхимд орж ирэхдээ гараа даллан, хүмүүстэй мэндчилсэн гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард А.Брейвик мөн шүүхийн танхимд ингэж мэндчилж байсан юм. Шүүх танхимд шүүгчид, өмгөөлөгчид болон яллагч хүрэлцэн иржээ.

Гэмт этгээдийг шүүхийн танхимд авчрахын өмнө хотын аюулгүй байдлыг хангахаар нэмэлт арга хэмжээ авсан байна. Шүүх хүртэл замын хөдөлгөөнийг хааж, хүмүүсийг түүн рүү халдахаас сэргийлсэн гэнэ.

Брейвикийг шүүх ажиллагаа ойролцоогоор гурван сар үргэлжилнэ гэж тооцжээ. Эхний таван хоногт гэмт этгээд Осло хотод болон Утёйя арал дээр хоёр удаагийн халдлагаар аллага үйлдэх болсон шалтгаанаа тайлбарлах юм. Гэмт этгээд Осло хотын Засаг захиргаа байдаг гудамж болон Утёйя арал дээр галт зэвсэг хэрэглэн, 77 хүний амь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн. Түүний шүүх хурлыг хэсэгчлэн дамжуулах бөгөөд А.Брейвикийн хэлсэн үгийг дамжуулахгүй байхыг шүүхээс шийдвэрлэсэн аж.

Дараагийн долоо хоногт шүүх хоёр удаагийн халдлага болсон үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн, гэрчүүдийн үгийг сонсох юм. Энэ дөрөвдүгээр сарын 18, 19-нд гэмт этгээдийн сэтгэл зүйн байдлыг шүүхийн сэтгэл зүйчид тодорхойлох гэнэ. Шүүх хурлын явцад гэмтэн өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг ажиглах юм байна.

Шүүх явц зургадугаар сарын 22-нд дуусах боловч ялыг долдугаар сарын 22-нд буюу халдлага үйлдсэн өдөр нь сонсгохоор төлөвлөж байгаа юм. А.Брейвик шүүх хурлаас өмнө өөрийгөө зөвтгөх талаар ярьж байжээ.

Одоо А.Брейвикийн шүүх хуралд дэлхийн 200 орчим телевизийн суваг, радио болон хэвлэлийг төлөөлөн 800 сэтгүүлч ирээд байгаа юм. Тэднээс 193 сэтгүүлч шүүхийн танхимд орох эрх авсан бөгөөд үлдсэн сэтгүүлчид гаднах танхимаас шууд дамжуулалтаар шүүх хурлыг ажиглах гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж