Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж тоглолт хийнэ

Бидний дунд салбартаа шилдэг нь мөртлөө өөрт ноогдсоноо чимээгүйхэн хийж, даруухан амьдрахыг эрхэмлэдэг хүн олон бий. Тэдний нэг бол хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж юм. “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш” зэрэг шилээвэр дуутай энэ эрхэм Монголын шинэ цагийн эстрад урлагийг босголцоход оруулсан хувь нэмрийг энэ хоёрхон дуугаар жишээлэхэд дэндүү бассан хэрэг болно л доо.

Поп хатагтай Б.Сарантуяагийн “Мартъя”, Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа”, С.Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл” дуунууд ч түүний нэрийн хуудас болж явдаг. Хайр сэтгэл, утга уянгын сэдэвтэй дуунуудаас гадна хүүхдийн дуу хүртэл Г.Пүрэвдорж гуайн урын санд байдаг. “Тавтай нойрсоорой анд нөхөд өө, Тавтай нойрсоорой алсын од оо” хэмээн бүүвэйлэгдэн унтдаггүй хүүхэд үгүй билээ.

Пүүжээ ах хэмээн эстрадынхан дундаа хүндлэгддэг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж ирэх тавдугаар сарын 25, 26-нд анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Б.Сарантуяа, Т.Ариунаа, Х.Ганхуяг, Д.Оюунтүлхүүр, С.Сэрчмаа, “Хурд”, “Салхи”, “Камертон” зэрэг хамтлаг, дуучид Пүүжээ ахынхаа тоглолтыг үзүүштэй, мартагдашгүй болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулна гэсэн. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд, хоёр амьд хөгжмийн хамтлаг нэг, нэг хэсгийг нь хариуцан авч  тоглоно гэх мэт тоглолтын зохион байгуулалттай холбоотой ажлууд ид яригдаж байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж