УИХ-ын даргад хүргүүлсэн мэдээлэлд, уг ажиллагааны явцад УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар хүрэлцэн ирж, сэжигтэн Н.Энхбаярын гэрт нэвтрэн, сэжигтэнтэй хамт байсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид сэжигтний гэрт үзлэг, нэгжлэг хийхээр нэвтэрч үзлэг, нэгжлэгийн газрыг чөлөөлж өгөхийг хэд хэдэн удаа шаардахад гишүүн Ц.Шинэбаяр албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагч нарт салаавч гаргах, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатад “Чамайг өөдтэй явахыг чинь харна аа” гэж үгээр заналхийлж түүний биед халдсан буюу нүүр духанд хуруугаар чичиж, нуруу руу нь 3-4 удаа цохиж, ажиллагаа явуулж байсан албан хаагчдыг хэл амаар доромжлох зэргээр ёс зүйгүй харьцаж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл хийж, зохисгүй авир гаргаж байсан гээд Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчиж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан дээрх нэр бүхий гишүүдийн үйлдлийг анхааралдаа авч, холбогдох арга хэмжээ авна гэдэг найдаж байна гэжээ.
Харин Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн мэдээлэлд, албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхээс өмнө Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Л.Батзоригт Н.Энхбаярыг сэжигтнээр тооцсон тухай албан бичгээр удаа дараа мэдэгдсэн, мөн өдөр дуудан хэлсээр байхад төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид хуулийн дагуу шаардлага тавьсан Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн шаардлагыг үл биелүүлээд зогсохгүй эсэргүүцэж хоолойндоо сумтай галт зэвсэг хэрэглэхийг завдсан, Л.Батзоригийн өгсөн үүргийн дагуу Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтыг есөн хүнээр нэмэгдүүлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан гээд дээрх байгууллагын албан хаагчдын үйлдэл нь хуульд нийцэхгүй байх тул асуудлыг анхааралдаа авна гэдэгт найдаж байна гэжээ.