Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргатай холбоотой маргаан УИХ, орон нутгийн сонгуулийн өмнө дахин дэгдэж, намын дарга Б.Ариунболдыг намын дүрэм журмыг зөрчиж, ирцгүй хурал хийж, намын удирдлага, бүтэц зохион байгуулалтад дур мэдэн өөрчлөлт оруулан намын дүрэм журмыг сахин мөрдөх, гишүүдийн эв нэгдлийг хангах үүргээ биелүүлсэнгүй гэж шүүмжилж байсан билээ. Тэгвэл энэ асуудлаар Хан-Уул дүүргийн АН-ын сонгуульт гишүүдээс Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржид хандаж энэ асуудлыг хянаж шийдвэрлүүлэхээр албан бичиг өгсний дагуу Нийслэлийн АН-ын Хяналтын хороо хуралдан Хан-Уул дүүргийн АН-ын хорооны 2012 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хуралдсан гэх хуралдааныг АН-ын “Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, Зохион байгуулалт, дэгийн тухай журмын” 3.1, 4.2.4 –р заалтыг зөрчсөн нь баримтаар нотлогдож байгаа тул хүчингүйд тооцож Дүүргийн намын хорооны хурлыг дөрөвдүгээр сарын 25-ны дотор зарлан хуралдуулахаар үүрэг болгожээ. Мөн энэхүү шийдвэрийг Б.Ариунболд даргыг биелүүлээгүй тохиолдолд дээд шатны намын байгууллагаас хурлыг хуралдуулахаа мэдэгдсэн байна.
Нийслэлийн АН-ын хяналтын хороо дүрмийнхээ дагуу ийнхүү шуурхай хуралдаж шийдвэрээ гаргасан нь сонгуулийн өмнөх хариуцлагатай цаг үед Хан-Уул дүүргийн намын үйл ажиллагааг хэвийн голдиролд нь оруулахад чухал алхам болсон гэв.
Т.Маша