Барилгын компаниуд үнээ буулгах уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Барилгын компаниуд үнээ буулгах уу?

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, орон сууцтай болохыг хүсэгчид байрны үнэ ханш, нөхцөл байдал, бүрдүүлэх бичиг баримт зэргийг хамгийн их сонирхож байгаа. Дээрх мэдээллийг нэг дор цогц байдлаар өгөх зорилготой “Барилга экспо-2012”, “100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.

Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга экспо-2012” үзэсгэлэн нь барилгын салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон барилгын материал, бүтээгдэхүүн гээд энэ салбартай холбоотой бүхий л мэдээлэл, мэдлэгийг нэг дороос хэрэглэгчдэд хүргэх зорилготой юм байна. Мөн үзэсгэлэнд монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн гар утас болон компьютерээр хүссэн үедээ алсын зайнаас цахилгаан эрчим хүч, халуун хүйтэн ус, дулааны хэрэглээгээ удирдан тааруулах, хянах бүрэн боломжтой бүтээгдэхүүнүүд олны анхаарлыг татаж байлаа.

100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан барилгууд

“Барилга экспо 2012” үзэсгэлэнд “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдаж буй барилга тун цөөхөн, “Монгол хотхон”, “Алтай хотхон”, “Green resource” гэх мэт цөөн хэдэн компани байлаа. Орон сууцны дундаж үнэ метр квадрат нь 1,4-1,7 сая төгрөгийн үнэтэй байна. “Green resource”  компанийн 264 айлын орон сууц гэхэд “Өгөөмөр” захын хажуухан талд баригдаж байгаа бөгөөд бүх өрөөнүүд нь 55 м.квадратад багтаж байгаа ажээ. Энэ хотхоны м.квадрат нь 1.5 сая төгрөг бөгөөд 38м2 орон сууц гэхэд 53,900 сая төгрөг, 30м2 нь 42.900 сая, 33м2-46,900 сая, 42м2 – 58,900 сая төгрөгийн ханштай байна.

Хамгийн үнэтэй орон сууц нь  “Номин констракшн” компанийн  “River Garden” сууц  метр квадрат нь хоёр сая 300 мянган төгрөг аж. Хатан Туул голын хөвөөнд сүндэрлэх энэхүү тансаг өргөөнд иргэд жилийн 0,6 хувийн хүүтэй зээлд хамрагдан орох боломжгүй гэнэ. Учир нь энэ байрны хамгийн талбайтай нь гэхэд 125 метр квадрат байдаг аж.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан “Өндөр буянт холдинг” компанийн “Happy town” хотхон нь 2013 оны  III улиралд ашиглалтад орох бөгөөд нэг м.квадрат нь 1,5 сая төгрөг аж. Баянзүрх дүүрэг Кино үйлдвэрт байрлалтай энэ хотхонд одоогийн байдлаар 360 айлын захиалга авах гэнэ.

Орон сууцны м2-ын үнэ 996 мянга болж буурах уу?

Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт бол “Танай орон сууцны м2-ын үнэ 996 мянган төгрөг болон буурах уу?” гэдэг асуулт байлаа. Учир нь хэдхэн хоногийн өмнө “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын нэг м/кв-ын үнэ хэт хөөрөлттэй  байна гэсэн мэдээллийн дагуу барилгын өртөгт Сангийн яам, Газрын харилцаа барилга, геодези зураг зүйн газар, Монголын барилгачдын холбоо, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд шалгалт хийсэн. Тус шалгалтаар барилгын компаниуд 20 хувийн ашгаа нэмээд дээд үнэ нь 996 мянган төгрөг байна гэх хариу гарсан нь иргэдэд горьдлого төрүүлсэн байна.  Дээрх асуултад барилгын компаниуд “Энэ шийдвэр бол манайх шиг аль хэдийнэ баригдчихсан компанийн хувьд үнээ бууруулах ямар ч боломжгүй. Ирээдүйд шинээр баригдах барилга барих газар, дэд бүтцийг төрөөс үнэгүй өгсөн барилгуудын  м2 нь 996,3 мянган төгрөг байх болов уу. Бидний тогтоосон үнэ бол буурахгүй” хэмээх хариултыг өгч байсан юм.
Барилгын компаниуд үнээ яагаад нэмсэн бэ?

Хоёрхон сарын дотор байрныхаа нэг квадрат метрийн үнийг 100- 400 мянган төгрөгөөр нэмснээ үзэсгэлэнд оролцож буй барилгын компанийн менежерүүд “Барилга дуусах шатандаа ороод гаднах хүлэмж, фассад, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах зэрэг ажлын мөнгийг нэмж авч байгаа юм. Угаасаа л оны эхэнд байрны үнэ нэмэгддэг. Өнгөрсөн оныхтой харьцуулбал барилгын материал харьцангуй нэмэгдсэн” гэж тайлбарлав. Гэтэл холбогдох албаныхны судалгаагаар орон сууцны үнэ барилгын материалаас болон өсөх ямар ч үндэслэлгүй болох нь тогтоогдсон.

Үнэн хэрэгтээ Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэж зарласнаар эрэлт огцом нэмэгдэж, худалдан авагчгүй болоод байсан барилгын компаниуд ийнхүү үнээ өсгөсөн гэж хэрэглэгчид гомдоллож байлаа.

ОССК одоогоор иргэдэд зөвлөгөө өгч байна

Тус үзэсгэлэн дээр Орон сууц санхүүжилтын корпорацийн ажилтнууд иргэдэд мэдээлэл өгч байв. Иргэд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд бүрдүүлэх материал, тавигдах шаардлагыг ихээхэн сонирхож байлаа.
 ОССК-иас зээлд хамрагдахыг хүсэгчдэд хэд хэдэн шалгуур тавьж буй. Үүнд:

  1.  Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн байна.
  2.  Зээлдэгчийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр нь тухайн өрхийн нэг сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байх.
  3.  Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн дагуу төлөх өр зээлгүй байх хэрэгтэй аж. Ингээд арилжааны банкаас тавьж буй шалгуурыг хангасан тохиолдолд танд зээл олгох юм.

Хэрэв та дээрх шаарлагад нийцэж, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах материалыг бүрдүүлэх хэрэгтэй юм байна.

  •  Зээлд хамрагдах хүсэлтийг бөглөх. Хүсэлтээ ОССК-ийн www.ossk.mn цахим хуудаснаас татаж авах боломжтой юм байна.
  •  Анх удаа орон сууцтай болох гэж байгааг нотолсон Үл хөдлөх, эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа.

Хэрэв та аливаа нэг орон сууцыг хамтран эзэмшиж байсан бол дээрх зээлд хамрагдах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, аав, ээж, хамаатан садангийн  байрыг түр хугацаагаар ч болов эзэмшиж байсан бол зээлд хамрагдах боломжгүй. Иргэдийн дунд тухайн иргэнтэй хамтран зээлдэгч нь бас дээрх шаардлагыг биелүүлсэн байх ёстой гэсэн ташаа ойлголт үүсээд байгаа. Харин ОССК-ийн зүгээс зээлийн хамтран зээлдэгчид  ямар нэг шаардлага тавиагүй байгаа юм. Гагцхүү хамтран зээлдэгч тань тодорхой орлогын эх үүсвэртэй, таны ямар нэгэн хамаатан садан мөн бол өрхийн орлогоо бүрдүүлэх боломжтой.

  •  Эцэст нь та 100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууц захиалах буюу худалдан авахаар байгуулсан гэрээ зэргийг бүрдүүлэхэд хангалттай. Орон сууц санхүүжилтийн корпорацийн www.ossk.mn  вэб сайтад уг хөтөлбөрт хамрагдах барилгын компаниудын жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтаас иргэд өөрсдийн хүсэл сонирхолд нийцэж буй барилгын компаниа сонгож, гэрээгээ хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар 18 сарын дотор баригдаж дуусах 28300 айлын орон сууц байна. Зарим нь эхлэх шатандаа, зарим нь эхлээд явж байгаа. Засгийн газрын 341 дүгээр тогтоол гарахад л барилгынх нь ажил 90 хувьтай явж байсан компаниуд ч байна. Эдгээр байруудаас та аль ч байрыг сонгон, худалдан авах гэрээ байгуулах боломжтой юм байна.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж