“Нутгаа дуурсгана” барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

“Нутгаа дуурсгана” барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос 2012 онд Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааныг анх зохион байгуулж, үзэгчдийн хүндлэл хүлээсэн билээ. Хоёр жил тутам зохион байгуулагдах тус барилдааны Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийлээ. Энэ жилийн "Нутгаа дуурсгана" барилдаанд 18 аймгийн 17 дэвжээ оролцож байгаа бөгөөд 14, 15, 21, 22, 28-ны өдрүүдэд урьдчилсан хэсгийн барилдаан болж, хэсэг бүрт эхний хоёр байр эзэлсэн дэвжээд 1-6-р байрын төлөө, 3-р байр эзэлсэн дэвжээд 7-9-р байрын төлөө дахин тойргоор барилдах юм.

Өнгөрсөн бямба, ням гаригт үзэгчдийг шуугиулсан олон олон барилдаан гарсан юм.  Тухайлбал,  бямба гаригт бар жилийн тэргүүн дэвжээгээр шалгарсан “Хантайшир” дэвжээг “Увс нуур” дэвжээний залуучууд 24:12-р буулгаж авсан бол “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнийхэн “Ховд” дэвжээг 23:13-р, “Бөхбилэгт” дэвжээ “Завхан” дэвжээг 22:14-р, “Хан Хэнтийн аварга” дэвжээ “Бес богда бүргэд” дэвжээг 19:17-р, “Дүнжингарав” дэвжээ “Дорно-Говь-Сүмбэр” дэвжээг 24:12-р, “Түшээт ханы аварга” дэвжээ “Ажнай дэвжээ”-г 25:11-р, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээ “Дорнод нутаг” дэвжээг 19:17-р, “Их Монголын хүчтэн” дэвжээ “Их богд” дэвжээг 21:15-р тус тус ялсан юм.

Тэгвэл, ням гаригт “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ “Булганхангайн хүчтэн”-үүдийг 21:15-р, “Их Монголын хүчтэн” дэвжээ “Дүнжингарав дэвжээ”-г мөн 21:15-р ялсан бол “Ховд” дэвжээ “Завхан” дэвжээг 20:16-р, “Таванхан” дэвжээ “Дорно-Говь-Сүмбэр” дэвжээг 32:4-р, “Бөхбилэгт” дэвжээ “Дорнод нутаг” дэвжээг 26:10-р, “Хантайшир” дэвжээ “Хан Хэнтийн аварга” дэвжээг 26:10-р, “Түшээт ханы аварга” дэвжээ “Бес богда бүргэд” дэвжээ, 20:16-р “Увс нуур дэвжээ” “Ажнай” дэвжээг 35:1-р илт давуу яллаа.

“Увс нуур” дэвжээнийхэн багаа улсын харцага Ө.Бат-Оршихыг эс тооцвол аймгийн цолтнуудаар бүрдүүлсэн байсан агаад илт давуугаар хоёр өдөр ялалтыг аваад байна. Тэд ирэх бямба гаригт “Хан Хэнтийн аварга” дэвжээтэй, ням гаригт “Бес богда бүргэд” дэвжээтэй барилдах юм. Ирэх долоо хоногт гол өрсөлдөөн Их Монголын Хүчтэн – Таванхан, Булганхангайн хүчтэнүүд – Бөхбилэгт,  Хөвсгөлийн хүчтэн – Завхан дэвжээдийн хооронд гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж