ҮАБЗ-ийн протоколыг нууцын зэрэглэлээс гаргана

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн протоколыг нууцын зэрэглэлээс гаргана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа цаг үеийн хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгох ёстой гэж үзсэн байна. Энэ нь шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах ёстой гэх маргаанаас эхлээд олон эргэлзээтэй асуудлыг тайлж эцэслэхэд хэрэг болно гэж үзжээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг нууцын зэрэглэлээс гаргахын тулд яах ёстой вэ гэсэн асуултад бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Төрийн нууцын тухай хууль гэж байдаг. Түүнд хэрхэн нууцын зэрэглэлээс гаргах тухай нэгбүрчлэн заасан байдаг тул тэр дагуу асуудлыг авч үзэх” ёстой хэмээн хариулсан юм.

Харин хоёр дахь нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үүрээр болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан саатуулахтай холбоотой асуудал багтжээ. Бүлгийн гишүүдийн хувьд “Цагдаагийн байгууллагын 300 гаруй цагдаа баривчлан саатуулах үйл ажиллагаанд оролцсон байхад Ерөнхий сайд С.Батболд, Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар энэ асуудлыг мэдээгүй байсан нь туйлын хариуцлагагүй явдал. Тэр дундаа цагдаагийн байгууллага нь гүйцэтгэх ажиллагааг явуулах ур чадваргүй байгаагийн дээр долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас огт сургамж аваагүй байна гэж үзжээ. Мөн цагдаагийн байгууллагад шаардлагатай хөрөнгө мөнгийг УИХ-аас баталж өгсөн атал өнөө хэр нь энэ байгууллага хуучин арга барилаараа ажиллаж байгаа нь харьяалах сайдыг нь огцруулах тухай асуудлыг тавихаас аргагүй гэж үзжээ.

Харин одоо дээрх асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр тэргүүтэй, УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий найман гишүүн тавиад буй нь сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудал бүрэн утгаараа хэрэгжиж мэдэхэд хүргээд байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж