УИХ-ын гишүүн Ч.Улаан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хүчлэн баривчлах үеэр нүдний шилээ хагалуулсан. Тэрбээр нам өөртэй болсон ч эр хүний жудаг зааж Н.Энхбаярын дэргэд байснаараа ийнхүү халдлагад өртчихөөд “хохирогч” болчихсон хэрэг л дээ. Хүссэн ч, эс хүссэн ч Ч.Улааныг “Н.Энхбаярын” хүн гэдэг байсан. Гэвч Н.Энхбаяр ч намаасаа гарч, хуучин МАХН нэрээ өөрчилсөн нь тэднийг салаа замаар явахад хүргэсэн. Харин хүнд хэцүү цаг үед намын үзэл суртал, элдэв нэр шошгоос цээрлэлгүй хүнийхээ хувьд Н.Энхбаярыг гэж очсон хуруу дарам эрчүүдийн нэг нь Ч.Улаан байв. Хүмүүс түүнийг хараад дургүйцсэнгүй. Харин ч “Мужик юм даа” гэж үнэлсэн. Өмнө нь усанд үйж амиа алдах шахсан хүүхдийг аварсан тэрбээр энэ удаад Н.Энхбаярыг аврах гэсэн боловч чадсангүй. Үр дүнд нь өөрийнхөө зүтгэж яваа “төрийнхөнд” нудруулаад нүдний шилээ хагалуулан буйдан дээр шидүүлчихэв. Тэрбээр өчигдөр УИХ-ын даргатай уулзсан. Амралтын өдөр спикерийн гэрт болсон тэдний уулзалт халдлагад өртсөн “алд бие”-ийнхээ төлөө байв уу. Эсвэл ардчилалгүй болсноо гайхуулсан Ардын намаас бүлгээс гарч шинэ бүлэг байгуулах тухай ярилцсан болов уу гэдэг нь анхаарал татаж байсан юм. Ямартай ч энэ үеэр эрхэм гишүүн “Уугуул намаа сэргээхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулна” хэмээн хариулсан нь олон нийтийн анхаарлыг татав. Энэ нь “Бүлэг байгуулна” гэж улайм цайм хэлээгүй ч “Сэтгэл нь эргэсэн” гэдгээ тойруу замаар илэрхийлж байгаа хэрэг хэмээн эргэлзээ төрөхөд хүргэв. Спикерийнд зочилсон эрхэм гишүүд хүчнийхэн ялангуяа гүйцэтгэх байгууллагынхны болхи ажиллагааг шүүмжилж, энэ үеэр биед нь халдсан үйлдлийг УИХ-аас ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргуулах саналаа өгсөн байна.
У.ОРГИЛМАА
"Улс төрийн тойм" сонин