Манай улсад уул уурхайн хөгжлийг дагаад бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд идэвхжлээ. Бидэнд байгаа мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 0,3 хувьд уул уурхайн ашиглалт идэвхтэй явагдаж байна. 16 хувь нь хайгуулын лицензтэйгээс гадна өргөдлөө өгөөд авахаар хүлээж байгаа болон тендерээр нээлттэй олгох газруудыг нийлүүлбэл 41 хувь нь ямар нэг байдлаар хөгжлийн нөлөөнд автана гэсэн зураглал харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол улсын нутаг дэвсгэрийн 41 хувьд уул уурхайн ашиглалт явуулахад нээлттэй байна гэсэн. Ийм тохиолдолд уул уурхайн хөгжлийг байгаль хамгаалал, малчдын бэлчээр, усны асуудалтай зохистой хослуулахгүй бол сөрөг үр дагавар их гарна. Одоо ч янз бүрийн эсэргүүцэл гарсаар байна шүү дээ.
Байгаль хамгаалал уул уурхайн хөгжлийг хэрхэн тэнцвэртэй хослуулах чиглэлээр боловсруулсан аргачлал бий. Энэ онолын үндэслэгч нь Жозеф Кисикер гээд манай байгууллагын Америкт байдаг эрдэмтэн байгаа юм. Ер нь TNC нь салбартаа олон улсын хэмжээнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байгууллага. Энэ аргыг АНУ, Колумби, Бразили, Австрали гээд олон орон хэрэгжүүлдэг. Зарим тоо мэдээгээр 40 гаруй оронд энэ аргыг ашиглаж байна. Харьцангуй шинэ арга л даа.
Бид одоогоор дүйцүүлэн хамгаалах гэж нэрлээд байгаа энэ арга нь уул уурхайн сөрөг нөлөөллөөс ан амьтан, ус ургамлаа хамгаалах 3 үе шатнаас бүрддэг байгаль хамгаалах цогц аргачлалын нэг шат нь юм. Товчхоноор бол уул уурхайн нөлөөллөөс зайлсхийх, бууруулах, нөхөн буюу дүйцүүлэн хамгаалах гэж томьёолж болно. Экологийн хувьд үнэ цэнтэй чухал газруудад ашигт малтмалын зөвшөөрөл олгохоос аль болох зайлсхийх нь эхний шат болж байгаа юм.
Зарим чухал газарт уул уурхайн үйлдвэрлэл, ашиглалт явуулахаас татгалздаг практик манайд ч бий. Улсын тусгай хамгаалалттай газар, Орон нутгийн тусгай хамгаалалттай газар буюу тусгай хэрэгцээний газар, “Гол мөрний урсац бүрдэх эх, усны хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар манай улс тодорхой газруудад уул уурхайн ашиглалт явуулахаас татгалзаж байгаа. Эдгээр газрыг Монгол улсын эрх ашиг, экологийн аюулгүй байдлын үүднээс хамгаалж авч үлдэх бодлого баримтлаад явж байна гэсэн үг.
Гэхдээ энэ нь хангалттай биш юм. Монгол орныг талын Монгол гэдэг. Үндсэндээ хээр. Цөл, цөлөрхөг хээртэйгээ нийлээд Монгол орны бараг хагас шахуу хувь нь болдог. Энэ их газар нутаг хэдэн мянган малчин өрхийн амь амьжиргааг тэтгэдэг. Дээрээс нь тэнд амьдардаг маш олон зүйлийн амьтад байна. Говьд байдаг хулан, хар сүүлт, говийн баян бүрдүүдийг яах вэ. Тэднийг орхигдуулж болохгүй шүү дээ.
Манай улсын хувьд нэлээд газар нутгаа тусгай хамгаалалтад авсан л даа. Үндэсний хэмжээнд 14 хувь нь Улсын тусгай хамгаалалттай газар. Орон нутгийн хамгаалалттай газрын хувьд тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 14 хувьд авсан газруудаа жигд сайн хамгаалж чадаагүй. Урьд нь байгаль хамгааллын чиглэлээр авч байсан арга хэмжээ зарим тохиолдолд үзэсгэлэнтэй сайхан уул устай газрыг хамгаалахад чиглэсэн. Гэтэл бусад нутаг, говь цөл, тал хээрт ч амьтад амьдарч байгаа.
Манайхан чоно их алснаар янз бүрийн асуудал үүслээ гэдэг. Аргагүй шүү дээ. Ямар ч амьтан экологийн тогтолцоонд оролцоод үүргээ гүйцэтгэж байдаг. Аль нэг нь байхгүй болчихвол экологиос бидэнд үзүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд сөргөөр нөлөөлнө. Уудаг усыг маань цэвэршүүлж, агаарыг бий болгож, малыг бэлчээртэй байлгаж, элдэв өвчнийг анагаах эмийн өвс ургамал ургаж байгаа нь бидэнд үзүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд. Шууд хэрэглээний утгаар хүнд хэрэггүй ч тэдний бий болгодог тогтолцооноос гарч ирдэг бүтээгдэхүүнийг бид хэрэглэж байна. Түүн дээр бидний амьдрал оршин тогтнож байгаа.
Энэхүү хөгжлийг байгаль хамгааллын асуудалтай хослуулан төлөвлөх цогц аргыг экологийн бүсийн хэмжээнд хэрэгжүүлж байж бид тухайн газар нутаг, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах боломжтой. Бид Монгол Дагуурын ойт хээр болон Хялганат хээрийн экологийн бүс нутгийг судалсан юм. Ижил янзын амьтан ургамалтай, газарзүй, байгаль, цаг уурын нөхцөлөөр ойролцоо том хэмжээний газар нутгийг эко бүс нутаг гэдэг.
Жишээ нь Монгол орны хялганат хээрт бэлчээрийн маш их ач холбогдолтой олон төрлийн үетэн, өвс ургамлуудтай. Гэрийн тэжээвэр мал амьтан төдийгүй зээр гээд зэрлэг амьтдын чухал том бэлчээр нутаг байгаа юм. Зөвхөн энэ газар нутагт л гэхэд байгаль хамгаалал 30 хувиас доогуур байна. Шинжлэх ухааны онолоор ямар нэг зүйлийн амьтан байлаа гэхэд амьдрах орчны 30 хүртэл хувийг хамгаалж байж тэр зүйл оршин тогтнох боломжтой гэж үздэг.Биднийг хүрээлэн байгаа орчин өөрийн зохион байгуулалт, хил хязгаартай.
төлөвлөх арга
Ойн амьтан хэзээ ч талаар давхихгүй. Тэгэхээр тэр хүрээндээ хэчнээн тоо хэмжээтэй байна, түүний дор хаяж 30 хувийг хамгаалчихвал зарим нэг зүйл нь амьдраад, оршин тогтноод байж болно. Тэр шалгуур энэ экологийн бүс нутагт хангагдаагүй байна. Бид хээрээс гадна уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаа Монгол орны говийн экологийн бүс нутгуудын үнэлгээг хийж байгаа.
Хаана хамгаалж болох чухал газрууд байна, эдгээр нь хамгийн эхний буюу хөгжлийн үйл ажиллагаа явуулахаас татгалзах нэгдүгээр үе шатад хамаарах ёстой.
Хоёрдугаар алхам нь нөлөөллийг бууруулж, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх шат байгаа юм. Манайд ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэдэг. Энэ үнэлгээний хүрээнд нөхөн сэргээлт хийх ёстой.
Би дэлхийн олон уурхайд очиж үзсэн. АНУ-ын том уурхайнуудыг үзсэн. “Рио Тинто” ч байсан. “Пибоди” ч байсан. Тэдний нөхөн сэргээсэн талбайнуудыг үзсэн. Тэнд хуулийн шаардлага үнэхээр өндөр. Аль болох байгалийн унаган төрхөнд нь буцааж хандуулахыг хичээх ёстой. Гэхдээ нэгэнт алдагдсан байгалийг 100 хувь унаган төрхөнд нь оруулна гэж хэзээ ч байдаггүйг уул уурхайнхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг, мэргэжлийн хүмүүс ч мэдэж байгаа. Зарим газар бүр огт нөхөн сэргэх боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлт дээд зэргээр хийсэн ч унаган төрхөнд нь буцааж чадахгүй учраас экологийн орчин өөрчлөлтөд ордог. Зарим компани 50-60 жил үйл ажиллагаа явуулна гэхээр тухайн газар 50-60 жил амьтны хувьд ашиглалтгүй болох нь байна. Экологийн үйл ажиллагаа тэнд явагдахгүй гэсэн үг.
Энэ аргын гурав дахь үе шат нь нөлөөлөлд өртсөн тухайн газартай экологийн хувьд төстэй нөхцөлд байгаа өөр газрыг нөхөн хамгаалахыг хэлж байгаа юм. Үзүүлсэн нөлөөлөл, учруулсан хохирлынхоо хэмжээнд өөр газрыг хамгаалж, зардлыг хариуц гэсэн санаа. Үүнийг бид нөхөн хамгаалах, дүйцүүлэн хамгаалах гэж янз бүрээр яриад байгаа. Хүмүүс үг нь сайн ойлгогдохгүй байна гэдэг л дээ.
Бохирдуулагч төлөх ёстой гэж зарчим бий. Агаар бохирдуулсан бол төлбөрийг нь төлөх ёстой гэдэгтэй л ойролцоо зарчим. Нэгийг авч байгаа бол нөгөөг хамгаал гэсэн санаа. Энэ аргыг цогцоор хэрэгжүүлснээр бид нэг хэсэг газарт нөлөөллөөс зайлсхийчихнэ, өөр хэсэг газарт нөхөн сэргээлт хийчихнэ, үлдэгдэл нөлөөллийг нь тооцоод түүнтэй ижил хэмжээний өөр нэг газрыг дүйцүүлэн хамгаалчихаж байгаа юм.
Гэхдээ энэ аргыг цогцоор нь хэрэгжүүлээд явъя гэхэд манайд эрхзүйн орчин байхгүй шүү дээ?
Гурван үе шатыг цогцоор авч үзэхгүй бол хангалттай биш. Манай өнөөгийн эрхзүйн орчноор зөвхөн тухайн талбай дээр нөлөөллийг бууруулах нөхөн сэргээлт хийж байгаа. Урьдчилж төлөвлөөд сэргийлж чаддаггүй. Нөлөөлөл үзүүллээ гэхэд зөвхөн тэр компанийн нөлөөллийн хүрээнд л үнэлдэг. Экологийн хувьд нэг төслийн талбай дээр үнэлчихээр өөр газар хаана юу байгаад хэдий хэрд нь ямар нөлөө үзүүлснийг тооцож чаддаггүй. Тиймээс энэ аргыг санал болгоод байгаа юм. Хөгжлөөс татгалзах газруудыг тогтоох ёстой. Нэг компанийнх бага байж болох ч нэг голын сав дагуу ашиглалт явуулдаг 10 компанийн нийлсэн нөлөө их болно. Түүнийг өнөөгийн хууль, эрхзүйн орчноор шийдэж чаддаггүй. Энэ нь эрхзүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэйг харуулж байгаа юм.
Хоёрдугаарт, Монгол улс хаанаа уул уурхай хөгжүүлэх вэ, хаана нь хамгаалж гарах вэ гэсэн бодлоготой байх ёстой. Нэг хэсэг газраа хамгаалж үлдэх ёстой. Үндсэн том уурхайнууд улс орны хөгжилд хэрэгтэй учраас ашиглалт явуулж таарна. Харин жалгын нэг жижиг уурхайнуудыг энд тэнд байгуулах хэрэггүй юм. Байгаль хамгааллаа эхэлж төлөвлөлгүйгээр баахан лиценз олгочихсон учраас одоо араас нь яваад байна.
Иймээс уул уурхай хөгжүүлж болохгүй, лиценз олгохгүй байх газруудыг урьдчилж тогтоох хэрэгтэй юм. Ашигт малтмалын лиценз олгохдоо Кадастрын алба манай улсын бодлогоор энэ газрыг ухаж төнхөж болохгүй гээд заачихжээ, лиценз олгохгүй гээд сууж байх ёстой. Тиймэрхүү анализыг байгаль хамгааллын манайх шиг байгууллагууд хийж болно. Хийж ч байгаа. Технологи хөгжсөн энэ үед газарзүйн мэдээллийн систем ашиглаад маш богино хугацаанд үүнийг хийж болж байна.
Бид Засгийн газрын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Дээр хэлсэн хялганат хээрийн бүсийн судалгааг хийхэд БОАЖЯ дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан. Одоо өмнийн говийн экологийн бүсийн судалгаанд ЭБЭХ, ЗТБХБ, БОАЖ-ын сайдууд болон ҮХШХ-ны даргын хамтарсан тушаалаар бодлогын ажлын хэсэг, судлаачдын ажлын хэсэг гэсэн 2 дэд хэсэгтэй, 40-50 хүний бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэгт дурьдсан яамдын гол мэргэжилтнүүд, бодлого хариуцсан газрын дарга нар орсон.
Тэд дүйцүүлэн хамгаалах аргыг эрхзүйн орчинд тусгах нь зөв юм байна гэж үзсэн. Одоогийн байдлаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулинд бидний одоо яриад байгаа дүйцүүлэн хамгаалах аргыг нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын нэг хэсэг болгоод, нөлөөллөө бууруулах нэг хэлбэр нь дүйцүүлэн хамгаалах шат байна гэсэн хуулийн төслийн санал хэлбэртэй явж байгаа. БОАЖЯ-ны нөхдийн ярьж байгаагаар хаврын чуулганаар багтаад орчих болов уу.
Монгол улс энэ зарчмыг хуулиар баталчихвал уул уурхайн бүх аж ахуйн нэгж дүйцүүлэн хамгаалах ажил хийх үүрэгтэй болно. Дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөө, зардлаа байгаль хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөн дотроо тусгаагүй бол яам үнэлгээг батлахгүй гэсэн үг. Үнэлгээ батлагдахгүй бол лицензээ авч чадахгүй болчихож байгаа юм.
Зарим компани сайн дураараа ч гэсэн дүйцүүлэн хамгаалах ажил хийе гэж байна. Компаниудаас татгалзсан байр суурь гарахгүй байгаа. Манай уулзалтад оролцсон томоохон компаниудын төлөөлөгчид энэ аргыг нэлээд сонирхож байна лээ. Хэрэгжүүлэхэд тийм ч хэцүү концепци биш. Харьцангуй амархан, боломжийн, шударга шаардлага л даа.
Зээлдүүлэгчдийн шаардлага гэснээ тодруулж яриач?
Уул уурхайн зарим компани томоохон зээлдүүлэгчдээс зээл авч, хөрөнгө босгодог шүү дээ. Олон улсын санхүүгийн корпорацийн Зарчим-6 дээр энэ аргын талаар нэг чухал заалт бий. Уг корпорациас зээл авч байгаа уул уурхайн компаниуд биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах ажил хийж бууруулна гэсэн заалттай. Заавал биелүүлэх үүрэг биш л дээ. Хариуцлагатай уул уурхай хэрэгжүүлье гэж байгаа бол хаана үйл ажиллагаа явуулж байгаагаас үл шалтгаалан энэ зарчмыг баримтлаарай гэсэн зөвлөмж. Гэхдээ практик дээр жаахан шаардлагын шинжтэй. Олон улсын санхүүгийн корпорациас санхүүжилт авч байгаа байгууллага энэ зарчмыг хэрэгжүүлэх л ёстой. Нэг талаас олон улсын практик ийм байна, нөгөө талаас манайд эрхзүйн зохицуулалт нь амьдралаас жаахан хоцроод байгаа юм.
2008 оноос хойш судалгаа хийсэн байгууллагын хувьд Монгол орны хэмжээнд хамгаалбал зохих экологийн чухал газруудыг тогтоосон уу?
Хамгаалбал зохих биологийн олон янз байдлыг Монгол орны хээрт экосистемийн ангиллаар төлөөлүүлэн авч үзэж, тэдгээрийн 30 хүртэлх хувийг хаана хамгаалж болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан тогтоосон. Энэ газруудад аль болох хөгжлийн үйл ажиллагаа явуулахаас татгалзаач гэсэн санаа юм.
Ингэхдээ одоо үйл ажиллагаа, олборлолт хийж байгаа том уурхайнуудтай давхцуулахгүйгээр бодож, тойруулж гаргасан юм. Хамгаалах зайлшгүй шаардлагатай газруудын давхцал зөвхөн хайгуулын лицензтэй газар л байгаа. Бид хайгуулын лиценз давхцсан газар бүрийг хамгаалъя гэж дайрахгүй. Тэр газарт ямар нөлөөлөл үзүүлэхийг тодорхойлоод экологийн системийнх нь хүрээнд өөр газрыг хамгаалж болохоор байвал дүйцүүлэн хамгаалал хийхээр төлөвлөөд тухайн газарт уурхай зэрэг хөгжлийн төслөө хэрэгжүүлж болно. Энэ нь юу вэ гэхээр үнэхээр чухал ач холбогдолтой ашигт малтмал байгаад түүний цаана өртөж байгаа амьтан юм уу ургамлыг өөр газар хамгаалж болохоор байвал заавал хамгаал гээд шаардаад байхгүй. Уян хатан байх ёстой.
Гэхдээ зарим тохиолдолд биологийн ач холбогдол, эрүүл байдал, хөндөгдөөгүй онгон байдал, усны эх үүсвэр гэх зэрэг хамгаалж үлдэхээс ухарч болохооргүй газрууд байдаг. Тийм тохиолдолд хамгаалахыг л санал болгоно. Хөгжлийн шаардлагаар гээд үргэлж бууж өгөөд байж бас болохгүй. Харин ухрахгүй зохицуулалтыг хаана, ямар газарт хийх вэ гэдэг маань шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Үүнийг хангаж чадвал хөгжил, байгаль хамгаалал хоёрыг тэнцвэртэй авч гарч чадна.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэг шаардлага нь дүйцүүлэн хамгаалах арга болчихвол уурхайнууд нөхөн сэргээлт хийхээс гадна өөр газарт нөхөн хамгаалал буюу дүйцүүлэн хамгаалал хийх нь байна. Тэгэхээр нөлөөллийн судалгааг орд бүр дээр хийнэ гэж ойлгож болох уу?
Судалгааг хоёр түвшинд хийнэ. Нэгдүгээрт, ландшафтын түвшинд, хоёрдугаарт тухайн төслийн хэмжээнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцоолж өгнө. Энэ нь манай байгууллагын судалгаа шинжилгээ хийдэг зарчим. Бидний өмнийн говийн бүсэд хийж байгаа нь том хэмжээний буюу ландшафтын судалгаа юм. Өмнийн говийн бүсэд 7 аймгийн маш өргөн хэмжээний нутаг хамрагддаг. Хээртэйгээ нийлэхээр Монгол орны бараг тал нь болчихно.
Юуны түрүүнд том газар нутагт хаана, ямар ховор амьтан ургамал, хамгаалах шаардлагатай амьдрах орчин, гол ус, бэлчээр нутаг байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үндсэн дээр гаргаж ирнэ. Тэгээд тухайн компанийн нөлөөлөл юун дээр, хэчнээн хувь нөлөөлчихөөд байна вэ гэдгийг тооцоолдог. Тодруулж яривал, ландшафтын гээд байгаа экологийн бүсийн судалгаагаар биологийн олон янз байдал буюу хаана, юу байгааг зураглалд оруулаад тэдгээрийн 30 хувийг хамгаалах зорилт тавина. Тэр 30 хувь хаана байж болохыг зураг дээр гаргачихна.
Ингээд байгаль хамгааллын хувьд чухал ач холбогдолтой газруудаа гаргаад ирлээ. Дараа нь хүний үйл ажиллагаанд хаана ямар газар, ямар хэмжээнд өртчихөөд байгааг гаргаж ирнэ. Хүний үйл ажиллагаанд өртсөн газарт байгаль хамгаалал явуулахад хэцүү. Тиймээс хүний үйл ажиллагаанд бага өртсөн газруудаа гаргаж ирнэ. Энэ газрыг биологийн хувьд өөр газар орлуулах боломж байна уу, хэрвээ өөр газар байдаггүй, зөвхөн тэнд л байдаг бол уул уурхайн хөгжил явуулахаас татгалз гэсэн үг.
Ингэхдээ биологи экологийн ач холбогдол, хэр зэрэг ховор юм, хэр зэрэг эрүүл онгон байдлаараа байгаа юм гэх зэрэг шалгууруудыг харгалзаж үзэж байж хэлнэ шүү дээ. Хэрвээ тэр газрыг өөр газар хамгаалах боломжтой бол уул уурхай, хөгжлийн үйл ажиллагаагаа заавал зогсоо, битгий ашиглалт явуул гэж шахаад байхгүй. Хамгаалаад явж болох өөр газрыг хамгаалаад явчихна. Тэгээд хөгжил урагшилж болно гэсэн үг.
Ингэж экологийн бүс нутгийн үнэлгээг хийж, юу юу хаана байгааг гаргаж ирсний дараагийн түвшинд тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байгаа талбайд болон түүний нөлөөллийн зайд бидний тооцоолж гаргасан хамгаалах чухал шаардлагатай амьтан, ургамал тэдгээрийн амьдрах орчин автаад байна, түүнийг хаана, хэрхэн дүйцүүлэн хамгаалж болох вэ гэдгийг тооцож гаргана гэсэн үг.
Дүйцүүлэн хамгааллыг хэн хэрэгжүүлж болох вэ?
Одоогоор эрх зүйн зохицуулалт нь манайд хараахан бий болоогүй байна. Гэхдээ бусад улсын туршлагаас харахад kомпани өөрөө хэрэгжүүлж болно. Эсвэл гуравдагч байгууллагыг хөлсөлж аваад хэрэгжүүлж болно. Олон жижиг компани дан дангаараа дүйцүүлэн хамгаалал хийхэд нэгдүгээрт, менежмент хийхэд хэцүү, хоёрт, экологийн хувьд ямар ч утгагүй. Ганц нэг жижиг газрыг энд тэнд хамгаалснаас нэг цул том газрыг хамгаалах нь экологийн хувьд ашигтай байдаг.
Тухайлбал ихээхэн хэмжээний нутагт нүүдэллэж тарга тэвээргээ авч амьдардаг цагаан зээр, хулан зэрэг амьтдыг, эсвэл голын гольдрол, баян бүрд зэрэг томоохон нутгийн хэмжээнд хамгаалах арга хэмжээ авах жишээг хэлж болно. Тиймээс жижиг компаниуд дундаа сан байгуулаад өөрсдийн нөлөөллийн хэмжээгээ нийлүүлж тооцоолоод түүнтэй ижил хэмжээний газрыг өөр газарт дүйцүүлэн хамгаалж болно. Дүйцүүлэн хамгаална гэхээр ямар нэг байгаль хамгааллын арга хэмжээ явагдана гэсэн үг. Яг ямар байгаль хамгааллын арга хэмжээ авах, хэдий хэр талбайд уг ажлыг хийж гүйцэтгэх зэргийг мөн л судалгаагаар тогтооно. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөн л эрх зүйн зохицуулалт дутагдаж байна.
Энэ аргын хүрээнд ямар төрлийн байгаль хамгааллын ажлууд хийж болох бол?
Дүйцүүлэн хамгаалах газарт одоо байгаа амьтан ургамлыг нь устаж алга болохгүйгээр л хамгаалах ёстой. Хамгааллын янз бүрийн арга байж болно. Байгаль хамгаалагчид гаргаад харуулдан хамгаалж болно. Нутгийн иргэдэд хөрөнгө мөнгө өгөөд хамгаалуулж болно. Нөхөн сэргээж болно.
Бидэнд байгаа мэдээллээр хулан, хар сүүлтийн хамгийн том сүрэг Оюутолгойгоос баруун тийшээ байдаг. Гэтэл энд Тавантолгойн зам тавигдаад 24 цагийн турш тасралтгүйгээр автомашин давхиж, нүүрс тээвэрлэж байна. Дээрээс нь төмөр зам барьчихвал өнөө сүрэг чинь хэсэгхэн газарт гацчихна. Өвсөн тэжээлтнүүдийн хувьд бэлчээр, усны соргогийг бараадан явж байж, тарга тэвээргээ авдаг. Нүүдлийн тэр амьдралынх нь хэрэгцээнд шаардлагатай хоол тэжээл, унд ус, эрч хүчээ авах замыг нь хаагаад хаячихаж байгаа юм.
Бидний судалгаа дуусаад ирэхээр эдгээрийн нөлөөлөл ямар байх нь гараад ирнэ. Ингэж таслагдах тохиолдолд зөөвөрлөөд нутагшуулж болно. Үүнийг дүйцүүлэн хамгаалах гэдэг. Хэдийгээр экологийн талаасаа муу шийдвэр ч гэлээ чөлөөтэй нүүдэллэж гарах гарцуудыг бас хийж болно. Америкт сонирхолтой жишээнүүд их бий. Голын дунд хаалт барьчихсан байлаа гэхэд далангийн хажуугаар загас нэг үсчээд тогтоод байх замуудыг тавиад өгчихсөн, түүгээр нь загас дээшээ гараад явж л байдаг.
Гол нь биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй байх ёстой. Сөрөг нөлөөгүй байх гэдэг нь 30 хувийг хамгаалаад гарч чадвал алдагдал бага гарна гэсэн тооцоо. 2:1 байх юм уу, 10 га тутамд 1-ийг хамгаалах уу гэдгийг судалгаагаар л тогтооно.
Нөлөөллийн хугацаа болон дүйцүүлэн хамгаалах ажлыг ашиглалт явуулах хугацаатай уялдуулж тооцох уу?
Тэгнэ. Судалгааны үндсэн дээр, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолно. Компани 50 жил үйл ажиллагаа явуулна гэхэд дор хаяж дүйцүүлэн хамгаалах хугацаа 50 жил байх ёстой. Гэхдээ 50 жилийн дараа нөлөөлөл огт байхгүй болчихно гэсэн үг биш. Нөхөн сэргээлт хийхэд хэсэг хугацаа орно. Нөхөн сэргээгдэх байгалийн жамаараа явахад нь ахиад нэг арван жил шаардагдана. Хэр удаан хугацаанд нөхөн сэргэх вэ гэдэг байгалийн цаг хугацааг бас бодох ёстой. Энэ хугацааг дуустал байх уу. “Оюутолгой” 50 жил ашиглана гэхэд 70 жил байх уу, 100 жил байх уу гэдгийг тооцох ёстой.
Хэдий хэр зардал гарахыг мөн л тооцоолж болно биз дээ?
Бас л тооцно. Тэнд ямар төрлийн арга хэмжээ явуулахаас тооцоолол шалтгаална. Тухайлбал, Богд уулыг хамгаалахад ямар хэмжээний зардал гарч байна вэ. 100 хувь хамгаална гэхэд 100 байгаль хамгаалагч тусгай хувцас хэрэгсэлтэй, мотоцикль, нисдэг тэрэгтэй явж хамгаалах уу. Тэр бүхнийг тооцоод зардлыг гаргаж болно. Жишиг ханш байдаг л даа. Хээрийн нөхцөлд, хангайн бүсэд 1 га-д хэчнээн төгрөг зарцуулагдах талаар бусад байгууллагын хийсэн судалгаа бий.
Дүйцүүлэн хамгаалах арга үнэхээр ач холбогдлоо өгч байгаа эсэхийг яаж мэдэж болох вэ?
Компанийн дүйцүүлэн хамгаалж байгаа талбай дээр ан хийгээд амьтдын тоог хорогдуулаад байвал яах вэ. Үүнийг дүйцүүлэн хамгаалж байна гэж үзэх үү, үгүй юү. Амьтан байлаа гэхэд сүргийн тоо өсч байна уу, багасч байна уу гэдгийг байнга судалж тогтоож байх ёстой. Гэтэл тэр газарт нь Засгийн газраас лиценз өгөөд өөр компани орчихвол яах вэ. Хуулиар зохицуулж өгөх ёстой. Мөн урт удаан хугацааны мониторинг хийх хэрэгтэй.Тэгж чадахгүй бол амжилттай болохгүй.
Ашиглалт явуулж байгаа тодорхой нэг газрыг сонгоод нөлөөллийг нь тооцож үзсэн тохиолдол бий юү?
Дорнод дахь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн нөлөөллийн судалгааг БОАЖЯ-ны захилгаар 2009 онд хийсэн. 200 гаруй цооногтой юм билээ. Мэдээллээ өгдөггүй учраас сансрын зургаар судалгаа хийсэн. Экологийн байдал нь хуурай, нам өндөрлөг, тэгш газар. Сансраас харагдаж байгаа ул мөрөөр нийтдээ үетэн давамгайлсан буюу хялгана голлосон хээрийн 4276 км2 газарт ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлсэн гэсэн тооцоо байна. Үүнтэй дүйцэхүйц хэмжээний газарт компани дүйцүүлэн хамгаалал хийх ёстой. Ийм хэмжээний талбайтай, нөлөөлөлд өртсөн зүйлүүдтэй адил зүйлтэй газар өөр хаана байгааг судлаад хэд хэдэн боломжит хувилбар гаргаж ирсэн.
Энэ аргыг хэрэгжүүлдэг туршлагатай компаниудаас Монголд орж ирсэн үү?
”Рио Тинто” байна. Корпорацийн нийгмийн хариуцлагын хувьд үйл ажиллагаа явуулж буй газартаа биологийн олон янз байдал буюу амьтан ургамалд эерэг нөлөөтэй байна гэсэн зорилготой. Нийгмийн хариуцлагаа ингэж зоригтойгоор олон нийтэд зарлаж байгаа нь том алхам.
Дүйцүүлэн хамгаалалтын төлөвлөлтийн жишээ
Бусад компани тэр жишгээр хариуцлагатай л байх ёстой. Хариуцлагагүй олон компани байна шүү дээ. Америкийн нэг том компани Зүүн Өмнөд Азид ашиглалт явуулахдаа орон нутгийн иргэдийн эрх ашиг, байгаль хамгааллын асуудлыг харгалзан үзээгүйгээс болоод ихээхэн шүүмжлэлд өртсөн. Латин Америкийн орнуудад маш олон компани муу үйл ажиллагаа явуулсны үр дагавар одоо хүртэл арилаагүй, хүмүүс хордсон баримт байдаг. Нутгийн уугуул иргэд тэмцэж байгаа ч эрх ашгийг нь үл хайхардаг компани олон байна.
Монголын ард түмэн байгаль хамгааллын нарийн нандин өв соёлтой, олон жилийн туршлагатай, байгаль сүйтгэхэд дургүй улс. Ийм улсад тогтвортойгоор 50-60 жил ашиглалт явуулж, мөнгө олно гэж бодож байгаа бол монголчуудын байгаль хамгаалах ухамсар, соёлтой нь үйл ажиллагаагаа нийцүүлэх ёстой. Хамаа намаагүй ашиглаад эхлэх юм бол эсэргүүцэл үүснэ, бүр муу юманд ч хүрч магадгүй. Тиймээс хариуцлагатай байх ёстой. Манай төр ч үүнийг бодлогоороо тэнцвэртэй авч явах ёстой юм. Төр хамгаалах ёстой газар, ашиглалт явуулах газраа бодлогоор тогтоогоод, шаардах юмаа шаардах л ёстой.
Компаниудын хувьд ч гэсэн олон улсын түвшинд хүрсэн технологи, практикаар үйл ажиллагаа явуулж байж л олон улсын зах зээл дээр өрсөлдөх буюу нэр хүнд нь бүрдэнэ шүү дээ. Монголд муу ажиллагаа явуулж байна гэж хэвлэлээр цацагдаад эхэлбэл хувьцааг нь худалдан авч байгаа хөрөнгө оруулагчид үргээд эхэлнэ.
Тэр талын ухамсар руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Хувьцаа худалдаж авах шийдвэр гаргахдаа, захиалга өгөхдөө компанийн нийгмийн хариуцлага ямар байгааг харж хөрөнгөө оруулдаг гэж ярьдаг хүн олон бий. Ялангуяа байгаль хамгааллын ухамсар сайн хөгжсөн хөгжингүй орны хөрөнгө оруулагчид үүнийг түлхүү анхаардаг. Яваандаа дэлхий тийм л болно. Хаа сайгүй л хариуцлагатай байх ёстой. Хөрөнгө оруулахаар шийдвэр гаргахдаа хүртэл үүнийг бодох хэрэгтэй юм.
Ярилцсан Н.Ариунтуяа
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn