Саркози, Канн хотод таван мянган сонгогчийн өмнө Францын атомын станцуудын талаар ярихдаа “Фүкүшима” гэж хэлсэн. Түүний сонгуулийн гол өрсөлдөгч Олланд хэрэв засгийн эрхэнд гарвал Эльзас муж дахь Фессенхайм (Fessenheim) АЦС-ыг хаана гэсэн билээ. Харин сейсогийн эрсдэлдтэй бүсэд байдаг тэр хуучин станцыг Саркози хаахгүй гэж хэлсэн юм.
Тэгээд тэрээр ““Фүкүшимад” очихдоо ослын шалтгаан нь цунами байсан, харин Эльзаст цунами гарна гэвэл би итгэхгүй” гэсэн. Түүнийг ингэж ярьсны дараа Францын сэтгүүлчид Саркози хэзээ ч Фүкүшимад очоогүй, худал хэллээ хэмээн илчилжээ. Тэрээр айлчлалынхаа үеэр Токиогоос гадагш гараагүй байна. Франсуа Олланд Саркозийн хэлсэн нь худал гэж “Le Parisien” сонинд ярьсан байна.
Саркозийг худал хэлснийг нь илчилж буй тохиолдол анх удаагийнх биш. Тэрээр Берлиний ханыг нураах үеэр тэнд байсан гэж 2009 онд хэлээд “баригдсан” юм. Саркози арваннэгдүгээр сарын 9-нд Берлинд ирэн Зүүн Берлинээр орохдоо хотын хүмүүсийн хамт ханыг нураалцсан гэж Facebook дэх хуудсандаа бичсэн байжээ. Гэтэл тэр үед Парисийн дагуул Нейи хотын мэр байсан Саркози арваннэгдүгээр сарын 9-нд хотдоо Шарлья де Голлийн дурсгалд зориулсан арга хэмжээнд оролцож байсан тухай “The Daily Mail” сонин бичсэн байв.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин