Бензин хямдарсан ч бусад барааны үнэд нөлөөлсөнгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Бензин хямдарсан ч бусад барааны үнэд нөлөөлсөнгүй

Хойд хөршөөс бараг зуун хувь хараат гэж болох манай стратегийн түүхий эд нь шатахуун. Оросууд шатахууны үнэ, татвараа нэмэх, экспортоо багасгах бүх тохиолдол бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг. Шатахууны үнэ нэмэгдмэгц өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь манайд бичигдээгүй хууль болсон. Бензиний үнэ арван төгрөгөөр нэмэгдсэн ч талхнаас эхлээд тээврийн хэрэгслийн үнэ хүртэл хэдэн зуугаас хэдэн мянган төгрөгөөр нэмэгддэг. Тэгсэн атлаа шатахууны үнэ буурлаа гээд бусад бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч байсан тохиолдол өдрийн од мэт. Хэний ч нүдэнд ил нэгэн жишээ татахад өн­гөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн шатахууны үнэ 3-4 үе шатлалтайгаар өсч, 270 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг дагаад мах, гурил, хүнсний ногооноос эхлээд ариун цэврийн цаас, шүдний оо хүртэл үнэд орсон. Он гарахаас өмнөх үеийнхтэй харьцуулахад өргөн хэрэглээний барааны үнэ 30-100 төгрөгөөр нэмэгдсэн бол мах махан бүтээгдэхүүний ханш бүр 20-30 хувиар чангарсан гэж байгаа. Харин Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тэмцсэний үр дүнд 270 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнийг 280 төгрөгөөр бууруулж чадсан. Гэвч зах зээлээ мэдэрдэггүй үйлдвэрлэгч, импортлогчдоос уу, дүлий оргисон наймаачдаас шалтгаалав уу бараа бүтээг­дэхүүний үнэ огт хөдөлсөнгүй. Саяхан шатахуун импортлогч компаниуд дахин 100-120 төг­рөгөөр үнээ бууруулсан боловч хүнс болон бусад барааны үнэ нэг төгрөгөөр ч хөдлөөгүй хэвээрээ. “Баянзүрх” худалдааны төвийн махны тасагт 14 хоногийн өмнө очиход лангуунууд нь бараг махгүй байсан бол өчигдөр элбэг болсон байв. “Мах ховордохоор махны үнэ нэмэгдэж, элбэгшихээр үнэ хямдардаг” гэж тайлбарладаг ченжүүд үнээ хямрдуулаагүй, хуучин үнээр нь худалдаж буй.

М.УЯНГА

“ӨДРИЙН ШУУДАН” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж