”Тэнгэрийн заадас”-ын сүйрэл

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

”Тэнгэрийн заадас”-ын сүйрэл

Өнгөрсөн
долоо хоногийн томоохон дуулианы төгсгөл амжилтгүй болов. Дэлхийн
хамтын нийгэмлэг нэлээд хугацаанд шинжлэх ухааны гэх хиймэл дагуулаа
битгий хөөргөөч гэж БНАСАУ-г ятгаж байсан ч баллистик пуужингийн
хөөргөлт амжилтгүй боллоо. Өнгөрөгч баасан гаригт Хойд Солонгосын
хөөргөсөн пуужин агаарт ганцхан минут тэссэн ч “Баллистик пуужин
туршлаа” гэж үзэж буй Дэлхийн хамтын нийгэмлэг шинэ хориг арга хэмжээ
авч магадгүй хэвээр байна.

Хойд Солонгос өнгөрсөн баасан
гаригийн өглөө “Кванменсон-3” (“Гялалзсан од”) нэртэй холбооны дагуулыг
дэлхийн тойрог замд гаргах “Ынха-3” (“Тэнгэрийн заадас-3”) баллистик
пуужингаа орон нутгийн цагаар 07.39-д хөөргөв. Удирдагч Ким Сен Ирийн
төрсний 100 жилийн ойд  зориулан тус орны баруун хойд хэсгийн
Пхёнан-Пукто муж дахь талбайгаас пуужин хөөргөсөн талаар энэхүү арга
хэмжээнд уригдаад байсан гадаадын сэтгүүлчдэд мэдээлээгүй байна. Япон,
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээгээр пуужингийн нислэг дөнгөж нэг
минут үргэлжлээд пуужин задран далайд унажээ.

Пуужин гараанаасаа
гарсны дараа пуужингаас салах ёстой байсан хоёрдугаар шат бутарч
Филиппин орчим далайд унажээ.  Хожим энэ мэдээг Пентагон үгүйсгэсэн.
Пуужин дэлхийн атмосфераас гарч чадаагүй бөгөөд Өмнөд Солонгосын Кунсан
гэх баруун эргийн хотоос 200 км-ийн цаана далайд унасан гэжээ. Хойд
Солонгосын Засгийн газар далайгаас пуужингийн үлдэгдлээ хайх  эрлийг
эхлүүлэв.

Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг
ажиллагаа бүтэлгүйтсэнийг үгүйсгээгүй бөгөөд “Эрдэмтэд ба техникийн
ажилтнууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэв. Ийнхүү пуужин
хөөргөхийг Дэлхийн хамтын нийгэмлэг санал нэгтэйгээр буруушааж байна.
Тэд энэ нь тойрог замд хиймэл дагуул гаргах гэсэн үйлдэл биш цөмийн
цэнэг зөөж болох баллистик пуужингийн туршилт байсан гэж үзэж байгаа юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1874 тоот тогтоолоор баллистик пуужин ашиглах
бүхий л харвалтыг хийхгүй байхыг Пхеньянаас шаардаж байгаа. Хойд
Солонгос 2009 оны зун  цөмийн зэвсэг туршсаны дараа энэ хоригийн
тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан юм.  Тус зөвлөл пуужингийн
хөтөлбөрөө зогсоохыг Хойд Солонгосоос шаардахын зэрэгцээ БНАСАУ-д
зэвсгийн бүх төрлийг мөн “түүнтэй холбоотой материал” нийлүүлэхийг
хориглосон. Үүнд санхүүгийн ажиллагаа, техникийн бэлтгэл, зөвлөлгөө
өгөх, зэр зэвсгийн ашиглалт ба хэрэглээтэй холбоотой тусламж, үйлчилгээ
үзүүлэхийг хориглосон юм.

Үүний өмнөхөн Вашингтонд цугларсан “Их
найм”-ын Гадаад хэргийн сайд нар Пхеньян пуужин хөөргөхийг буруутгасан
мэдэгдэлд гарын үсгээ зурсан. Баасан гаригийн үйл явдлын дараа Цагаан
ордоны албан ёсны төлөөлөгч Жей Карни хатуу мэдэгдэл хийв. “Пуужин
хөөргөлт бүтэлгүйтсэн ч гэсэн Хойд Солонгосын өдөөн хатгасан үйл
ажиллагаа нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэл учруулж, олон улсын
эрх зүйг зөрчсөнөөс гадна саяхан авсан амлалт үүрэгтэй нь зөрчилдөөн
үүсгэлээ” гэж тэрээр мэдэгдэв.

Хятад Хойд Солонгосын үйлдэлд мөн
дургүйцэж байгаагаа илэрхийлэв. “Бүх талууд тэвчээр заан Солонгосын
хойг ба бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд хор хөнөөлтэй үйлдэл
хийхгүй гэдэгт найдаж байна” хэмээн болсон хэрэг явдалд БНХАУ-ын Гадаад
яамны төлөөлөгч Лю Вэйминь тайлбар хийв. “Пуужин хөөргөлт нь бүс нутгийн
энх тайван, тогтвортой байдлыг нурааж байна гэсэн байр суурийг
хуваалцан бид БНАСАУ-д хандан ирээдүйд Солонгосын хойгийн байдлыг
хурцатгасан пуужингийн туршилт болон бусад пуужингийн технологи
ашиглахаас татгалзахыг уриалж байна. Бид БНАСАУ-ын хувьд авах хариу арга
хэмжээний жагсаалтыг тогтооход бэлэн байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүйн
зөвлөлд хандан зохих үйл ажиллагаа хийхийг уриалж байна” хэмээн
хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Япон Аюулгүйн зөвлөлөөс гарах
шийдвэрийг хүлээлгүй  өөрсдийн арга хэмжээгээ авахад бэлэн байгаагаа
мэдэгдэв. Тус улсын Сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Осаму
Фүжимура Засгийн газар нь нэмэлт хориг арга хэмжээ авч болзошгүй гэдгийг
үгүйсгэсэнгүй. Гэхдээ энэ талаар тодруулж хэлсэнгүй. Хойд Солонгосын
пуужингийн зохион бүтээлт нь төгс биш учраас энэ туршилт Японд
заналхийлэл учруулж болох байсан гэж Япон үзэж байна.

Хойд
Солонгосын 2006 онд баллистик пуужингийн долоон туршилт хийсний хоёрынх
нь хэсэг Оросын эдийн засгийн 200 милийн бүс дотор Владивосток ба
Находкаас холгүй далайд унасан юм. Тэр үеэр Оросын эрх баригчид үүнийг
тоогүй хэрэг гэж тодотгоод Номхон далайн флот Хойд Солонгосын пуужинг
мөрдөн ажиглах эрх мэдэлгүй гэсэн юм. Гэхдээ тухайн үед Пхеньяны
консулын газрын өмнө жагсаал хийж магадгүй хэмээн хамгаалалтыг нь
чангатгаж байсан юм. БНАСАУ 2009 онд дахин баллистик пуужин туршихад
оросууд Номхон далайн флотоо байлдааны бэлэн байдалд оруулж байжээ.

Өнгөрөгч
бямба гаригт Пхеньян хотноо өнгөрсөн арванхоёрдугаар сард нас барсан
Ким Чен Ирийн хамгийн том хөшөөг нээх ёслол болов. Энэхүү 25 метр өндөр
хүрэл хөшөөг Пхеньяны Хувьсгалчдын талбайд эцгийнх нь хөшөөний дэргэд
байрлуулжээ. Ням гаригт Хойд Солонгос Ким Ир Сенийн төрсний 100 жилийн
ойг тэмдэглэв. Энэ өдрийг Хойд Солонгост “Нарны өдөр” гэж нэрлэдэг.
Сонирхолтой нь Ким Чен Ир амьд ахуйдаа өөрийн хөшөө дурсгалыг босгон
мөнгө хөрөнгө гарздахгүй байхыг захиж байсан гэдэг. “Улс оронд хөрөнгө
мөнгө байхгүй байхад та нар тансаглалд хөрөнгө цацах гэж байна” хэмээн
тэрээр хэлсэн гэнэ. Харин түүнийг нас барсны дараа маш том хөшөөг нь
босгосон. Үүнээс өмнө амьд ахуйд нь түүнд зориулан олон хөшөө босгосон ч
дээр дурдсан хөшөө нь хамгийн том бөгөөд сүрлэг нь. Хөшөөны нээлт маш
өргөн цар хүрээтэй баярын арга хэмжээ болов. Хувьсгалчдын талбайд 100
мянган цугларч цэргийн хөгжмийн хамтлаг сүлд дуулал эгшиглүүлэв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж