Б.Оюунгэрэл уран бүтээлийн андтайгаа хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Б.Оюунгэрэл уран бүтээлийн андтайгаа хамтарна

Төгөлдөр хуурч Б.Оюунгэ­рэлийн ээлжит “Grand evening of piano” тоглолт ДБЭТ-т болох гэж байна. СУИС-ийн концертмейстер багш тэрбээр гоцлон тоглодог цөөхөн төгөл­дөр хуурчдын нэг юм. Эх орондоо болон гадаад улсад болсон төгөлдөр хуурчдын хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож байсан билээ.

Эдүгээ тэр БНХАУ-ын төгөлдөр хуурч Ли Гуа Чаотой хамтарч тоглох юм. Хөгжимчин бүсгүйчүүдийн хэн хэн нь уран бүтээлийн оргил өөд тэмүүлж яваа, мятаршгүй зүтгэлтнүүд. Тэд Испани улсад төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд оролцохоор бэлтгэж байхдаа танилцаж нөхөрлөсөн уран бү­тээлийн андууд бөгөөд аль аль нь төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь нар. Одоогийн энэ тог­лолтын удир­дагч багш нь ч Саяа.

Тэд “Grand evening of piano” тоглолтоор ямар бү­тээл сонор­дуула­хыг хүр­гэе. Б.Оюун­гэрэл Ф.Шопе­ний “Баркаролла”, С.Сан­­сар­гэрэл­­тэхийн “Багшийн минь тухай дурсамж”, Ч.Сангидоржийн “Төгөлдөр хуу­рын сонат ¹ 15”-ыг тоглох аж. Харин Ли Гуа Чао А.Скрябины “Зүүн гарт зориулсан ноктюрн”, Мануэль Фаллагийн ”Fantasia Betica” хэмээх зохиол тоглох юм. Харин тэд хамтдаа Оросын нэрт хөгжмийн зохиолч С.Рахманиновын “Паганинид сэдэвлэсэн рапсоди” сонсгох нь ээ.

Төгөлдөр хуурч Б.Оюунгэ­рэлийн уран бүтээлийн зам­налаас товч танилцуулъя. Тэрбээр ХБК-ийг төгөлдөр хуурч, концертмейстер мэр­гэж­­лээр Ц.Шаравцэрэн, С.Наран­цэцэг багш нарын удирд­­лага төгссөн бөгөөд онд СУИС дүүргэсэн. Багш нь гавьяат жүжигчин, профессор Т.Цол­мон. Төгссөн жилээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат, Хөх хотод мэргэжлээрээ ажилласан. Харин дөрвөн жилийн өмнөөс СУИС-даа магистр хамгаалахаар сурал­цахын зэрэгцээ дуулаачийн тэн­химд концертмейстер баг­шаар ажил­ладаг.

Ардын жүжигчин Ж.Чулуу­ны нэрэмжит өсвөрийн хөг­жимчдийн IV уралдааны гурав, V уралдааны нэгдүгээр байрын шагналтай. Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн ул­сын II уралдааны нэрэмжит тусгай, III уралдааны нэгдүгээр байрын шагналтай. Мөн 2008, 2009 онд шилдэг төгөлдөр хуур­чаар шалгарч “Virtuoso” гала тоглолтод уригдаж тоглосон.

Уран бүтээлийн бие даасан хоёр удаагийн “Grand evening of the piano” концертоо өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн ам­жилт­тай тоглосон түүхтэй.

2009 онд Испани улсын Уэска хотод болсон олон ул­сын төгөлдөр хуурчдын VII уралдаанаас тусгай шагнал хүртэж, тус улсын гурван хотод дөрвөн удаа тоглолт хийсэн. Мөн тэндээ уг уралдааныг зохион байгуулагч төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн удирдлага дор мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгссөн уран бүтээлч.

Үргэлж өөдөө тэмүүлж, шинийг эрэлхийлдэг төгөлдөр хуурч холын аянд дөрөө харшуулан нөхөрлөж явсан уран бүтээлч андтайгаа хэрхэн хамтарч тоглох нь сонгодог урлаг сонир­хогчдод тун ч сонирхолтой байх биз ээ

Р.ОЮУНАА
“ӨДРИЙН ШУУДАН” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж