Гавьяатын найранд аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд, МЧБХ-ны Удирдах зөвлөл, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчин, “Хүч” спорт хороо, “Алтай констракшн” компани, суралцаж төгссөн ШУТИС-ийн МИС-ийн төлөөлөл гээд олон хүн ирсэн байв. О.Насанбурмаа найр хийхээр сонгосон өдөр нь учиртай бөгөөд тэрбээр уржигдар 23 нас хүрсэн билээ. Түүнд баяр хүргэх олны цуваа тасраагүй бөгөөд энэ дундаас Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж бэлгээ гардуулахдаа “Насанбурмаадаа насан баярын мэнд хүргэе” хэмээсэн нь содон сонсогдож байлаа. Зочин О.Насанбурмаад баяр хүргэж, амжилт хүсэхийн хамт “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмыг сануулсан. Нээрээ ч Очирбатын Насанбурмаа олимпийн аварга Насанбурмаа болох цаг холгүй.
Энэхүү найранд Монгол Улсын гавьяат жүжигчин “Морины” хэмээх Г.Батбаяр, гавьяат жүжигчин Х.Болормаа, соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, “Драмын дөрвөл” гэгддэг УДЭТ-ын жүжигчин Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, дуучин Д.Баярцэцэг, “Fire”, “Киви” хамтлаг ая дуугаа өргөсөн юм. Аливаа хамтлаг, дуучид найранд очихдоо хэнд зориулж дуулахаа мэдмээр юм билээ. Х.Болормаа гавьяат “Дүү Насанбуяндаа баяр хүргэе” хэмээж цугларсан олныг гайхашруулсан бол “Киви” хамтлагийнхан нэрийг нь ч дөхүүлж чадсангүй. Тус хамтлагийн ахлагч Д.Уламбаяр тайзан дээр гарч ирээд “Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн …” гээд хэсэг чимээгүй зогсов. Түүнд тайзны араас “Насанбурмаа” гэж шивэгнэснээр сая яриагаа үргэлжлүүлсэн юм.
“ӨДРИЙН ШУУДАН”