Нэрээ сольсон “Сэнүри”-д итгэл хүлээлгэв

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Нэрээ сольсон “Сэнүри”-д итгэл хүлээлгэв

Олон улсын ажиглагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байсан БНСУ-ын парламентын сонгуулийн дүнг албан ёсоор зарлажээ.

Өнгөрсөн лхагва гаригт орон даяар явуулсан санал хураалтын дүнгээр нэг танхимтай парла­ментынх нь 300 суудлын 152-ыг эрх баригч “Сэнүри” нам авч ялалт байгуулсныг тус улсын Сонгуулийн төв комисс мэдээлсэн байна. БНСУ-ын Сонгуулийн төв комиссын мэдээлснээр энэ удаагийн сонгуульд сонгогчдын идэвх харьцангуй сайн байжээ. Ирц 54,3 хувьтай байсан нь 2008 оныхоос даруй 8,3 хувиар өндөр дүн аж. Саяхныг болтол “Их үндэсний нам” нэртэй байсан “Сэнүри” Кёнсан-Пукто, Канвондо мужийн сонгуулийн бүх хэсэгт ялалт байгуулсан бөгөөд хэдийгээр олонх болсон ч энэ удаа өмнөхөөс 13-аар цөөн гишүүн тус намыг парламентад төлөөлөх юм. Сөрөг хүчний Нэгдсэн Ардчилсан нам 127 суудал авсан. Хэдийгээр олонх болж ялалтын уухай цуурайтуулж чадаагүй ч тус намынхан шинэ бүрэлдэж буй парламентад өмнөхөөс 50-иар илүү суудалтай болсноо том дэвшил хэмээн үзэж буй бөгөөд хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлэхэд хангалттай гэжээ. Харин үлдсэн суудлын 13-ыг Нэгдсэн дэвшлийн нам, тав нь Эрх чөлөөний төлөөх намд ногдож, бие даагч гурван депутат шинээр сонгогдсон байна.


ХАТАГТАЙ ПАК НАМАА ХОЁР ДАХИА АВРАВ

“Сэнүри” нам сонгуульд ялалт байгуулахад тус намын лидер Пак Кын Хегийн нэр хүнд чухал нөлөө үзүүлсэн хэмээн ажиглагчид үзэж байна. Пак Кын Хе тус улсын Ерөнхийлөгч асан талийгаач Пак Чжон Хигийн охин бөгөөд үндсэндээ намаа хоёр дахь удаагаа аварч буй. Эхнийх нь 1998 онд эдийн засгийн хямрал гүнзгийрсэн хүнд үед зөв бодлогоор намаа аварсан. Харин удаах нь энэ сонгууль болжээ. Парламентын сонгуулийн өмнө олон газраас хийсэн судалгаагаар эрх баригч намыг олонх болж чадахгүй гэсэн дүн гарч байсан. Тиймээс “Сэнүри” нам сонгуулийн өмнө дотоод бүтэцдээ зоригтой өөрчлөлт хийж улмаар сонгуульд бэлтгэх зорилгоор Онц нөхцөлд ажиллах хороо гэж байгуулан Пак Кын Хегээр удирдуулсан. Хатагтай Пак өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутгаар явж сонгогчидтой уулзан намынхаа нэр хүндийг өсгөх, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нь тайлбарлах ажлыг тасралтгүй хийсэн бөгөөд үр дүн нь ийн гарч парламентад “Сэнүри” олонх болж чадсан юм. Тиймээс ирэх арванхоёрдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнээр Пак Кын Хег тодруулж буй аж.

НЭРЭЭ ӨӨРЧИЛСӨН Ч БОДЛОГО НЬ ХЭВЭЭРЭЭ “СЭНҮРИ”

Өмнөд Солонгос хэдийгээр олон намын тогтолцоотой ч сүүлийн хэдэн сонгуулийн турш одоогийн “Сэнүри”, Нэгдсэн Ардчилсан нам хоёрын хооронд гол өрсөлдөөн болсоор ирсэн жишиг энэ удаа ч мөн давтагдлаа. Эрх баригч “Сэнүри” барууны чиглэлтэй, уламжлалт консерватив нам. Хэдийгээр энэ нам түүхэндээ нэрээ хэд хэдэн удаа сольсон ч бодлогоо өөрчилдөггүй нь ард түмэнд таалагддаг. Хамгийн сүүлд л гэхэд ердөө хэдхэн сарын өмнө тус нам “Их үндэсний нам” нэрээ “Шинэ ертөнц” буюу “Сэнүри” болгон өөрчилсөн. Үүнийг нь тухайн үед баячуудын нам гэсэн шүүмжлэлээс салах оролдлого төдий хэмээн олон хүн гоочилж байв. Гэвч эдийн засгийн хувьд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон гадаад харилцаа ялангуяа улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолд онцгой анхаардгаа эрх баригч нам гол имижээ болгож чадсан. Тухайлбал, Хойд Солонгостой харилцах тал дээр эрх баригчид зарчмын хатуу байр суурьтай байсан. Өмнөх хоёр ч Ерөнхийлөгчийн үед хөршдөө хэтэрхий их анхаарал тавьж, дээд хэмжээний хэлэлцээрийн хэмжээнд хүртэл харилцаа ойртож, тусламж дэмжлэгийг ч харамгүй өгсөн. Харамсалтай нь үзүүлсэн тусламж дэмжлэг ард түмэнд нь наалддаггүй, цэрэг армиа тэжээж, зэр зэвсгийн үйлдвэрлэлдээ зарцуулж улмаар Өмнөдийн тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн алхмуудыг нэг бус удаа хийсэн хэмээн тэд байр сууриа тайлбарладаг. Гэхдээ хөршдөө хэт хатуурхсан бодлого явуулах нь сайн зүйлд хүргэхгүй хэмээн болгоомжлох хүн намынх нь дотор ч цөөн биш байдаг.


ДУНДАЖ ДАВХАРГАА ДЭМЖИЖ, ГАДААД ХУДАЛДААНД ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

Өдгөөгийн Ерөнхийлөгч болон эрх баригч “Сэнүри” намын нийгмийн дундаж давхаргыг дэмжих, тэднийг ядуусын эгнээнд шилжихээс сэргийлэх эдийн засгийн бодлого нь ард түмний зүгээс хүчтэй дэмжлэг хүлээж чадсан юм. Но Му Хен Ерөнхийлөгчийн үед тэгш хуваарилалтын зарчим хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө эсрэгээр үзүүлж ард түмний амьдрал дээшлэх биш доошилсныг шүүмжилж, нийгмийн халамжийн хавтгайрсан бодлогоос зайлсхийхийг чухалчилсан байна. Мөн гадаад зах зээл дээрх тоглолтын дүрмээ өөрчилсний тод жишээг АНУ-тай байгуулсан чөлөөт худалдааны гэрээ нь нотолно. Хэдийгээр энэ гэрээг олон хүн шүүмжилж буй ч эрх баригчид татгалзах бодолгүй байгаа төдийгүй ийм төрлийн гэрээг өөр олон улстай хийхээ илэрхийлсэн нь “Сэнүри”-г хорь орчим санал алдахад хүргэсэн хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Өмнөд Солонгосын одоогийн удирдагчдад ард түмэн нь итгэл хүлээлгэсэн бас нэг шалтгааныг хууль хяналт, хүчний байгууллагынхны улс төрийн оролцоог хумьсан өмнөх Ерөнхийлөгчийн бодлогыг амжилттай үргэлжлүүлсэнд оршиж байгаа гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, цагдаа, шүүх, прокурорын байгууллагынхны дотоодын улс төрд үзүүлэх нөлөөг багасгах хууль эрх зүйн орчныг сайтар хангаж өгсөн нь зөв зүйтэй болсон хэмээн солонгосчууд үздэг аж. Энэ бүхэн БНСУ-ын парламентын сонгуульд эрх баригч “Сэнүри” нам ялалт байгуулахад нөлөөлсөн гол хүчин зүйл болж чадсан байна.

Н.САРАНГЭРЭЛ

Зохиогчийг эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж