НҮБ-ын ажиглагчид Сирид ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ажиглагчид Сирид ирлээ

НҮБ-ын анхны цэргийн зургаан ажиглагч Дамаск хотод ням гаригийн орой ирсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Сири улсад болж байгаа босогчид болон Засгийн газрын арми хоорондын мөргөлдөөнийг зохицуулах НҮБ-ын энхийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянахаар ажиглагчид ирсэн байна. Тэдэнтэй ойрын хэдэн өдөр 20 гаруй ажиглагчид нэгдэх гэнэ. НҮБ-ын тусгай элч Кофи Аннаны энхийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянахаар 250 гаруй хүнийг ажиллуулахаар НҮБ болон Арабын Лигийн орнууд төлөвлөж байгаа юм.

Сири улсын САНА мэдээллийн агентлаг ажиглагчдыг улс оронд нь болж байгаа террористуудын хүчирхийллийг нүдээр харах болно гэж угтан авах үеэрээ хэлжээ. Түүнчлэн Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем одоо Хятад руу айлчлан, К.Аннаны төлөвлөгөөг хэлэлцэх талаар агентлагаас мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Башар Асадын зөвлөх Бусейн Шаабан хэлэхдээ “Хэрвээ ажиглагчид алхам бүрээ Сирийн Засаг захиргаатай зөвлөн ярилцаагүй тохиолдолд Сири улс НҮБ-ын ажиглагчдын аюулгүй байдалд баталгаа гаргаж чадахгүй” гэжээ. Ажиглагчдын ажиллах хугацааг Сирийн Засгийн Газартай хэлэлцэх хэрэгтэй. Түүнчлэн Сири улс тусгаар тогтносон улсын хувьд ажиглагчдыг оруулах уу, оруулахаас татгалзах уу гэдгээ шийдэх эрхтэй хэмээн тэрээр нэмж хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт түр эвлэрсэн Сирийн арми болон босогчид дахин буудалцаж эхэлсэн билээ. Босогчдын төв болсон Хомс хот болон бусад хотуудад тулаан дахин эхэлсэн талаар мэдээллийн агентлагууд мэдэгдэж, наад зах нь арван хүн амиа алдаад байна гэжээ. Амь насаа алдсан хүмүүсийн дунд хүүхэд байсан байна. Харин Сирийн Засгийн Газар энэ тулалдааныг террористуудын халдлагыг эсэргүүцсэн болохоос эвлэрлээ зөрчөөгүй гэж мэдэгдсэн аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирид дахин буудалцаан эхэлсэнд санаа зовниж буйгаа илэрхийлсэн бөгөөд Дамаскаас эвлэрсэн байдлаа хадгалахыг хүссэн юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж