2007-2010 оны байдлаар шүүхээр шийдвэрлэгдсэн “хар тамхины” гэмт хэргийн тоо харьцангуй тогтвортой буюу 2007 онд гурван гэмт хэрэгт 16 хүн, 2008 онд хоёр гэмт хэрэгт найман хүн, 2009 онд дөрвөн гэмт хэрэгт найман хүн, 2010 онд таван гэмт хэрэгт долоон хүн тус тус ял шийтгүүлжээ. Харин 2011 онд 14 гэмт хэрэгт 27 хүн ял шийтгүүлсэн нь өмнөх дөрвөн жилийн хугацаанд ял шийтгүүлсэн хүний тоотой тэнцэж байгаа юм.
Сүүлийн таван жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн 66 хүний 32-т нь хорих, 31-д нь баривчлах, хоёрд нь албадан ажил хийлгэх, нэг хүнд торгох ял оногдуулсан байна. Судалгаанаас үзвэл 19-30 насны залуус хар тамхины гэмт хэрэгт холбогдох нь харьцангуй олон байгаа аж. Тухайлбал дээрх хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт дээрх насны 50 залуу ял шийтгүүлсэн нь нийт ял шийтгүүлэгчдийн дийлэнх олонхийг буюу 75.8 хувийг эзэлжээ. Мөн насанд хүрээгүй буюу 17-18 насны хоёр хүн хар тамхины хэрэгт ял шийтгүүлсэн байна.
Хар тамхины хэрэгт ял шийтгүүлэгчдийн олонхи нь буюу 44 нь бүрэн дунд боловсролтой байгаа бол 14 нь дээд, нэг нь тусгай дунд, дөрөв нь суурь, гурав нь бага боловсролтой байв.
Түүнчлэн ял шийтгүүлэгчдийн 20 нь эрхэлсэн ажил сургуульгүй, 14 нь оюутан, 32 нь бусад хүмүүс байв. Дээрх 66 иргэнээс таван гадаадын иргэн, долоон эмэгтэй хүн хар тамхины хэрэгт ял шийтгүүлжээ.