Итгэмжлэх жуух бичгээ барив

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд Т.Залаа-Уул өчигдөр Бразил Улсын ерөнхийлөгч эрхэмсэг
ноён Луиз Инасио Лула да Силвад Итгэмжлэх Жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Т.Залаа-Уул Ерөнхийлөгч Лула да Силвад Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж,
Монгол-Бразилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн
хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Бразилийн Гадаад харилцааны сайд Челсо Аморимтай уулзах
үеэрээ Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэндчилгээг уламжилж,
Бразил Улс хөгжин дэвшиж, бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд нэр хүнд,
байр суурь нь өсөн нэмэгдэж байгаад баяр хүргэж, амжилт хүсэхийн
зэрэгцээ Монгол-Бразилийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд
өргөжин хөгжих бололцоо нээгдэж байгааг манай тал бүрэн дүүрэн ашиглахын
төлөө байгааг илэрхийлэв. Мөн Элчин сайд Бразилийн Засгийн газраас
өнгөрсөн өвлийн хатуу ширүүнд өртсөн Монголын хүүхэд багачуудад зориулж
НҮБ-ын Хүүхдийн Сангаар уламжлан 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн
тусламж үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн
талархал илэрхийлэв.

Итгэмжлэх Жуух бичиг барих ёслолд Бразилийн Гадаад харилцааны сайд, Дэд
сайд, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, чиглэлийн болон ёслолын
газрын Захирлууд, Монгол Улсын ЭСЯ-ны Зөвлөх Д.Гансүх, Бразилийн Сан
Пауло хот дахь манай Өргөмжит консул Роберто Силва болон албаны бусад
хүн оролцов хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж