Тэднийг бурхан ивээг!

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Тэднийг бурхан ивээг!

Энэ жил хөлбөмбөгийн ертөнцөд тоглогчдын хувьд халгаатай жил байлаа.
Мэргэжлийн хэд, хэдэн томоохон лигт тоглогчид талбай дээрээ ухаан алдах, хүнд өвчин илрэх тохиолдол цөөнгүй гарсан юм. Хамгийн сүүлд Италийн Сери-Б лигт тоглодог Ливорно  клубын хагас хамгаалагч Пиермарио Моросини зүрхний шигдээсийн улмаас хагас сайны шөнө хорвоог орхисон байна. Үүнтэй холбоотойгоор бямба гаригийн ихэнх тоглолтууд хойшлогдсон юм. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн шалтгаанаар тоглохгүй байгаа тамирчдыг танилцуулж байна.

Пиермарио Моросини нас барлаа

Хамгийн харамсалтай мэдээлэл гэвэл Сери-Б лигийн Ливорно клубын тоглогч Пиермарио Моросини өнгө­рөгч бямба гаригийн шөнө нас барсан мэдээлэл байлаа. 25 настай хагас хам­гаа­лагч Моросини бямба гаригт Пескара багтай тоглож байхдаа тоглол­тын эхний хагас цагийн дундуур ухаан алдан унасан байна. Тоглолтын дундуур Ливорно клубын эмч нар анхан шатны тусламж үзүүлж, “Сивие санто сипирито” эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоог орхижээ. Энэ явдалтай холбоотойгоор Пескара-Ливорно багийн тоглолтыг хойшлуулсан бөгөөд Италийн дээд лигийн тоглолтуудыг ч албан ёсоор цуцалсан байна. “Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд тохиолдож байгаагүй уй гашуу бидэнд тохиолоо. Ливорно клубын хагас хамгаалагч Пиермарио Моросини тоглолтын үеэр зүрхний шигдээсээр нас барлаа. Өсөх ирээдүйтэй залуу хагас хамгаалагч Моросини орон нутгийн цагаар 17:00 цагт насан өөд боллоо. Түүний гэр бүл болоод Италийн нийт хөлбөмбөгчдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэж Италийн Сери-А лигийн цахим хуудсанд бичжээ. Италийн 21-ээс доош насны шигшээд тоглож байсан тэрээр дээд лигийн Удинезе клубт тоглодог байсан бөгөөд энэ улиралд доод лигийн Ливорно багт зээлээр тоглож байсан юм. “Би энэ мэдээлэлд үнэхээр итгээгүй, цочирдож хүлээж авсан. Түүний гэр бүл болоод багийнханд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэж Интер Милан клубын ахлагч Хавиер Занетти мэдэгдсэн юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор дэлхийн бүх лигийн тоглогчид эмгэнэлийн хар тууз зүүн тоглолтод оролцсон билээ.

 Муамбагийн эрсдэлтэй байдал

Одоогоос яг сар гаруйн өмнө Анг­лийн хөлбөмбөгийн холбооны цомын хагас шигшээд Болтон-Тоттенхэмийн тоглолтын үеэр 41 дэх минутанд Болтон клубын тоглогч Фабрис Муамба зүрхний шигдээсийн улмаас ухаан алдсан билээ. Талбай дээр түүнийг ухаан оруулах гэж Болтон клубын эмч нар тэмцэж, Хойд Лондонгийн эмнэлэгт хүргэсэн байна. Хожим нь эмч нарын мэдээлснээр 78 минутын турш түүний зүрх цохилоогүй тухай мэдээлж, маш хүнд байдалтай байгааг мэдэгдсэн юм. Тухайн тоглолтын үеэр 35 мянган хөгжөөн дэмжигч түүний төлөө 15 минутын турш алга ташиж, тоглолтыг шүүж байсан Ховард Вебб тоглолтыг 1:1-ийн харьцаатайгаар өндөрлүүлсэн билээ. Дейли Миррор сонины мэдээлж буйгаар багийнхан нь түүнийг дахин талбайд гаргахын төлөө хичээж байгаа ч эмч нарын зүгээс түүнийг дахин талбайд гарах нь үнэхээр бүтэшгүй зүйл гэдгийг хэлж байгаа юм. Болтон клубын дасгалжуулагч Овен Койл “Түүнийг өвчинтэйгөө тэмцэж байгааг харж байна. Хэрвээ үнэхээр хичээвэл яагаад талбайд гарч болохгүй гэж” хэмээн Телеграф сонинд ярьсан байна. Өнгөрөгч даваа гаригт Болтон багийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр зүрхний эмч нарын хяналтан дор дахин бэлтгэлд гарах хугацаагаа товлосон байна. Фабрис Муамба энэ улиралд 20 тоглолтод оролцсон бөгөөд өнгөрсөн улиралд 41 тоглолтод оролцож байжээ. “Хэрвээ үнэхээр ид шид гэж байдаг бол тэр талбайдаа эргэж гарна” гэж Лондон Чест эмнэлгийн эмч ярьжээ.

 Стилян Петровын тухай таагүй мэдээ

Астон Вилла болон Болгарын шигшээ багийн хагас хамгаалагч Стилян Петров гуравдугаар сарын 30-ны өдөр цусны хорт хавдар тэр тусмаа цусны цагаан эсийн хурц хомсдолтой гэсэн эмчийн дүгнэлт гарсан юм. Түүний энэхүү өвчнөөр өвчилсөн гэдгийг Арсеналтай хийсэн тоглолтын дараа шинжилгээгээр мэдсэн бөгөөд уг тоглолтын дараа түүний толгой эргэж, хамраас нь цус гарсан байжээ. Эмчийн дүгнэлт гарсаны дараа тэрээр хөлбөмбөгийн ертөнцөөс зодог тайлж байгаагаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдээлсэн юм. “Тэрээр хөлбөмбөгийн ертөнцөөс зодог тайлж буйгаа албан ёсоор зарлаж байна. Петров үнэнч хөгжөөн дэмжигч, багийн нөхөд, найз, гэр бүлийнхэндээ үнэхээр талархаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр амжилт, ялалтын төлөө биш амьдралын төлөө тэмцэх болж байна” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Үүний дараа гуравдугаар сарын 31-ны өдөр болсон Челси-Астон Виллагийн тоглолтод Петров ирж үзэгчдийн суудлаас үзсэн билээ. Тоглолтын үеэр 19 дэх минутанд Вилла паркийн өнцөг булан бүрт түүний 19 дугаарыг зурагтай нь хамт өлгөсөн юм. Энэ тоглолтонд түүний баг 4:2-ын харьцаагаар хожигдсон юм.

 Эрик Абидалын өвчин сэдрэв

Өнгөрөгч 2011 оны гуравдугаар сарын 15-ны өдөр түүнийг уушигны хавдартай болохыг шинжилгээний үндсэн дээр тогтоосон билээ. Онош­логд­соноосоо хойш хоёр хоно­гийн дараа тэрээр уушигны хагалгаанд оржээ. Яг жилийн дараа түүний өвчин дахин сэдэрсэн бөгөөд хагалгаанд орох шаардлагатай гэдгийг эмч нар сануулсан юм. Дөрөвдүгээр сарын 10-нд хагалгаа нь болсон бөгөөд эмч нар түүнийг талбайд гарах гэж яараад хэрэггүй гэдгийг мэдэгдсээр байгаа билээ. “Түүнийг дахин тал­бай­даа гарна гэдэгт эргэлзэхгүй бай­на. Хамгийн гол нь эмчилгээгээ л сайн хийлгэх хэрэгтэй” гэж “Барселона” клубын дасгалжуулагч Пеп Гуар­диола ярьсан юм. Зарим нэгэн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд орол­цоно гэдэг нь эргэлзээтэй байгаа ажээ. Өнгөрсөн жил хийсэн хагалгаа тухайн үед амжилттай болсныг зарлаж байсан ч тодорхой мэдээллийг клубын зүгээс өгөхгүй байсан юм. Гэсэн хэдий ч түүнийг өвчнөө эдгээж, талбайдаа эргэн ирэхийг бүхий л цахим хуудас, нийгмийн сүлжээний сайтуудаар бичиж байсан билээ. Сантиаго Берна­беу цэнгэлдэх хүрээлэнд Реал Мадрид-Олимпик Леоны аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтын үеэр Лео­ны хаалганд Реалынхан гоол оруулахад “Хүчтэй байгаарай Абидал” гэсэн бич­гийг онооны самбарт гаргаж байсан юм. Харин Манчестер Юнайтэд-Барселона багийн шигшээ тоглолтонд оролцсон бөгөөд 3:1-ээр ялсан ялалтын баярыг зөвхөн түүнд зориулж байсан билээ.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж