-Ч.Амарболд генералын биеийн байдал ямар байна. “Сонгдо” эмнэлэгт хэвтсэн гэх мэдээллийг тодруулаач?
-Манай нөхөр болон хамт хоригдож байгаа гурван хүн бүгд цагдан хорих төвийнхөө эмнэлэгт хэвтэж байгаа. Сонгдо эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээлэл ташаа гэдгийг хэлмээр байна. Дөрвүүлээ сахартай. Манай нөхрийн хувьд сахар, зүрх элэг гээд суурь өвчлөл нь хүндэрсэн. Ер нь байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.
-Эргэлтээр уулзаж байгаа юу?
-Хорих ангийнх нь дотоод журмын дагуу тогтсон өдөрт нь очиж байсан. Хоол унд огт оруулдаггүй, шилний наана цаанаас хэдэн үг сольсон. Одоо ер нь уулзах зөвшөөрөл шүүхээс бараг өгөхгүй юм шиг байна.
-Маргааш /өнөөдөр/ шүүх хурал болно. Энэ удаагийн шүүх хурлаар өмгөөлөгч сонгоно гээд байгаа?
-Шүүхээс өмгөөлөгчдийн холбоонд энэ дөрвөн хүнд өмгөөлөгч сонго гэсэн юм билээ. Өмгөөлөгчдийн холбооноос тус бүрт нь нэг нэг өмгөөлөгч сонгосон гэсэн. Чухам хэн хэн гэдэг өмгөөлөгч сонгосныг мэдэхгүй байна. Маргаашийн /өнөөдрийн/ хурлаас л харагдах байх гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2, 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралд шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, хохирогч Ц.Энхбаяр нар, түүний өмгөөлөгч О.Баасанхүү, бусад хохирогч, өмгөөлөгч нар оролцоно. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хэн оролцох, тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд болох Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, С.Баяр нар хүрэлцэн ирэх эсэх нь тодорхойгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор ирсэн ерөнхийлөгч асан Н.Энхбаяр баривчлагдаад байгаа тул хүрэлцэн ирэхгүй. Тухайн хурлаар шүүгдэгчийн өмгөөлөгчийг тохоон томилсон ч хойшлох магадлал өндөр байна. Учир нь хавтаст хэрэгтэй нэг ч хуудас танилцах хугацаа байгаагүй билээ.