
УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр нар дөнгөж сая Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гаригийн үүрээр баривчлах үед тэд гэрт нь байсан бөгөөд хүчний байгууллагуудын арга ажиллагаа нь дэндүү болхи байсны зэрэгцээ гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад УИХ-ын гишүүдийн биед халдсан тул энэ асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргаж, дүгнэлт гаргуулахаар санал хүргүүлснээ мэдэгдлээ. Өнөөдөр амралтын өдөр тул эдгээр гишүүд саналаа УИХ-ын даргын гэрт хүргэж өгсөн юм байна. Энэ үеэр сэтгүүлчид тэднээс МАХН-ын бүлэг байгуулахаар болж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гаригт дуулдсан. Үнэхээр энэ чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулахаар та бүхэн шийдэлд хүрсэн юм уу гэсэн асуулт тавихад УИХ-ын гишүүн Ч.Улаан "Уугуул намаа сэргээхийн төлөө идэвхитэй үйл ажиллагаа явуулна" хэмээн хариулсан юм.
Г.Дарь