ОХУ, БНХАУ-д оюутан тэтгэлгээр суралцуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.15-нд нийтлэгдсэн

ОХУ, БНХАУ-д оюутан тэтгэлгээр суралцуулна

БСШУЯ-наас Монгол Улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулдаг. Харин энэ жилийн хувьд хэчнээн оюутныг гэрээ хэлэлцээрийн хүрээнд сургах талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Ч.Шинэбаяраас тодрууллаа.

-Хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу оюутнуудыг гадаадын улс оронд сургах ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд хэчнээн оюутныг сургах вэ?

-Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу нийт 16 оронд магистрант, докторантад суралцуулдаг байгаа. 2012-2013 оны хичээлийн жилд 840 орчим хүн энэ гэрээ хэлэлцээрийн дагуу суралцана. Тэдгээрийн 600 орчим бакалаврын төвшнийх байх болно. Одоогоор манай улсаас хамгийн олон хүн суралцаж байгаа орноор ОХУ, БНХАУ орж байна. Эдгээр улсад тус бүр жилдээ 300 хүн суралцуулдаг. 2011-2012 оны тухайд ОХУ-д 300, БНХАУ-д 315 хүн суралцсан. Энэ жилийн хувьд ч гэсэн энэ тоонд өөрчлөлт орохгүй байх.

-Суралцагчид ер нь ямар чиглэлээр түлхүү суралцаж байна вэ?

-БСШУЯ-наас сонгон шалгаруулалтыг зохион байгуулж мэргэжлийн чиглэлээр өөрсдөө тогтоодог. Тэгэхээр бид аль болохоор инженер, технологи, байгалийн ухаан, нарийн технологийн мэргэжлээр суралцуулахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчдын 70 орчим хувийг энэ чиглэлээр суралцуулж байна гэж ойлгож болно. Үүнээс гадна БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт гаргаж, манай улсад эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиглэлийг гаргаж өгдөг. Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулж байгаа. Харин бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг БСШУЯ, тухайн улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг.

-Одоогоор хоёр улсын Засгийн газрын гэрээгээр хэчнээн хүн суралцаж байна вэ?

-Энэ хичээлийн жилийн байдлаар 3400 гаруй оюутан Засгийн газар хоорондын гэрээний дагуу суралцаж байна. Өөрөөр хэлбэл, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд ОХУ-д 275, БНХАУ-д 315 үүний 220 нь ӨМӨЗО-д, Туркт 90, Энэтхэгт 30, Польшид 22, Вьетнамд 18, Лаост найм, Чехэд зургаа, Унгар, Казахстанд тус бүр дөрөв, Румын, Украйнд тус бүр гурав, Болгар, Куба, БНАСАУ-д тус бүр хоёр хүн эдгээр орны Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцаж байна. Мэдээж үүнээс гадна хувийн зардлаараа суралцаж байгаа оюутан байгаа. Эдгээр оюутны нэгдсэн мэдээлэл одоогоор алга байна.

-Дээрх 16 оронд гэрээний дагуу суралцдаг юм байна. Эдгээр орны тоог нэмэх боломж бий юу?

-Боломжтой улс орнуудтайгаа гэрээ хэлэлцээр хийж байгаа. Үүнээс гадна Засгийн газар хоорондын гэрээгээр суралцуулах үйл ажиллагаа нь олон талтай. Улс бүхэн гэрээ байгуулж, Засгийн газар хооронд гэрээгээр оюутан авч сургуульдаа сургадаг энэ систем үйлчилдэггүй. Нэг үгээр хэлбэл, манайхны суралцах сонирхолтой байдаг өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Англи, Австрали гэх мэт орнууд Засгийн газар хоорондын гэрээ байгуулаад суралцагчдыг хүлээн авч, сургуульдаа хуваарилан суралцуулдаггүй. Тийм учраас бид энэ улсуудтай гэрээ байгуулаад оюутан суралцуулах боломж хомс. Харин эдгээр орнуудад 2010 оноос эхлэн хөтөлбөр хэрэгжүүлэх хэлбэрээр Герман, АНУ-тай 150 хүнийг тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжиж байгаа.

-Иргэдийн хувьд тэтгэлэгт хөтөлбөр болон гэрээний хүрээнд сурах хүсэлтэй байдаг ч мэдээлэл хомс байдгаас сонгон шалгаруулалтад оролцож чаддаггүй гэдэг шүү дээ?

-БСШУЯ-ны www.mecs.gov.mn вэб хуудсаар дамжуулан дээрх 16 орны мэдээллийг байнга хүргэж байгаа. Эндээс бүхий л мэдээллийг авах боломжтой. Үүнээс гадна Засгийн газар хоорондын тэтгэлэг зарлах юм бол суралцаж байгаа сургуулиараа дамжуулан мэдээлэл авах боломжтой. Энэ тэтгэлэгт мэдээж хэрэг нэг, хоёрдугаар курсын оюутан хамрагдах эрхтэй байдаг. Харин хувь хүн өөрөө Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгаа бол манай вэб хуудсаар орж мэдээлэл авна.

-Одоо сонгон шалгаруулалт болох уу. Аль улсад суралцах сонгон шалгаруулалт болох вэ?

-Одоогоор ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг зарлагдаад байна. Харин гуравдугаар сарын сүүлээр Зүүн Европын таван оронд тэтгэлгээр суралцах бүртгэл явагдаад сонгон шалгаруулалт болсон. Одоогоор дүн нь хараахан гараагүй. Тодруулбал, Польш улсад 20 бакалавр, Унгарт таван бакалавр, Болгарт доктор, магистр тус бүр нэг, Румынд нэг доктор, хоёр магистр, Хорватад хоёр магистр гээд гэрээ хэлэлцээрийн хүрээнд сургахаар болсон. Засгийн газрын гэрээгээр сурна гэдэг нь яадаг юм гэхээр цаад улсын Засгийн газар сургалтын төлбөрийг даана, амьжиргааны тэтгэлэг олгоно. Амьжиргааны тэтгэлэг олгохгүй бол манай улсын Засгийн газраас тэтгэлэг олгоно. Харин үүний оронд эдгээр улсын суралцагчдыг хүлээн авч тэтгэлгээр суралцуулдаг.

Э.Пагмадулам

"МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж