Испанийн хаан заан агнаж яваад гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.15-нд нийтлэгдсэн

Испанийн хаан заан агнаж яваад гэмтжээ

Испанийн хаан Хуан Карлос Ботсванад заан агнаж яваад унаж, ташаандаа гэмтэж авчээ. Хуан Карлос өчигдөр хагалгаанд орсон бөгөөд хагалгаа амжилттай болсон гэнэ.

Испанийн хаан сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа мэс засалд орж байгаа аж. Ботсванагийн Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр Хуан Карлос тус улсын хойд хэсэг дэх Окаванго хэмээх газар заан агнахаар яваад унаж бэртжээ.

Хуан Карлос заан агнах зөвшөөрлийг Ботсванагийн Засгийн газраас авсан гэнэ. Өнгөрсөн баасан гаригт унаж гэмтэл авсан хааныг Мадридад хүргэж, тэндхийн эмнэлэгт яаралтай мэс засал хийсэн аж.

Испанийн хаан зугаа цэнгэл хөөсөн, хүүхэмсэг гэдгээрээ алдартай нэгэн бөгөөд Ботсвана дахь Хуан Карлосын зааны ан Испанийн зүүний хүчний намаас хүчтэй шүүмжлэлтэй тулгарчээ.

Европын орнуудаас ажилгүйдэл, тэр дундаа ажилгүй залуучуудын тоогоор тэргүүлж буй Испанид хаан зугаа цэнгэл хөөх битгий хэл, унтах ч завгүй байх ёстой гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа гэнэ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж