Батлан даалтад гаргах гарын үсэг цуглуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.15-нд нийтлэгдсэн

Батлан даалтад гаргах гарын үсэг цуглуулж байна

“Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авъя” хөдөлгөөнийхөн хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд цуглан иргэдээс гарын үсэг цуглуулсаар байна. Өчигдрийн хувьд тус хөдөлгөөнийхөн 2500 орчим иргэний гарын үсэг цуглуулсан бол өнөөдрийн хувьд мөн тооны гарын үсгийг иргэдээс цуглуулсан гэв.

Дашрамд сануулахад, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хандан Тамгын газрын дэд дарга болон дарга нараар дамжуулан тус бүр шаардлага хүргүүлсэн юм.

Шаардлагад Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн саатуулсан тул 24 цагийн дотор суллах ёстой гэсэн байлаа. УИХ-ын хувьд өчигдөр хариуг өгч, хууль хяналтын байгууллагад асуудлыг тавьсан ч гэсэн ч үүнийг тус намынхан хангалтгүй хариулт өгсөн гэж үзсэн билээ.

Тэр үеэс намын даргаа ард түмний батлан даалтаар гаргах замыг хайж эхэлсэн юм. Уг нь ямар нэг хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан тохиолдолд тухайн иргэнийг гэр бүлийнхэн нь, аль эсвэл найз нөхдөөс нь батлан даалтад гаргах хүсэлт гаргадаг ч тус намынхны хувьд мөн гэр бүлийнх нь зүгээс ийм хүсэлт гаргах бодолгүй байгаа бололтой. Өмгөөлөгч М.Баасанхүүгийн хэлснээр бол Авлигатай тэмцэх газраас үндэслэл болгон тавьсан асуудлууд нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох хэргийн үндэслэл болж чадахгүй байгаа үед гэр бүлийнхэн нь түүнийг батлан даалтаар гаргах хүсэлт тавих нь буруутгаж байгаа шалтгаануудыг хүлээн зөвшөөрсөн хэрэг болж хувирна хэмээн үзэж буйтай холбоотой ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж