Энэхүү балетад Эрдэнийн чулуу бүхнийг төлөөлсөн Эрдэнэсийн охид элдэв хэлбэрээр хөшөөлөн зогсох нь амьд байгаль энэхүү үнэт чулуулагт шингэн уусах мэт. Эрдэнэсийн охидын бүжиглэн наадах нь энэхүү байгалийн баялаг амилан биелээд, байгаль гайхамшгаа гайхуулах мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эрдэнэсийн эзэн Алтанхүү уригдан гарч ирэхэд эрдэнэсүүд өнгө, төрлөөрөө ялгаран бүжиглэнэ. Бүгд л залуу эзний таалалд нийцэхийг хичээнгүйлэх мэт. Алтанхүүд үнэт эрдэнэс хэдий их байвч өөрийн хүсэлт Мөнгөн дагиныг олж үзээгүй өдийг хүрчээ.
Мөнгөн дагина ч Алтанхүүг хүсэн хүлээж зориглон уулзсан нь үгүй билээ. Хүслийн эрэл, эрдэнэсийн дунд биеллээ олж, хос хоёрын сэтгэлийн учиг тайлагдан хайр дурлалын хослол бүжиглэхүй, байгаль асар их баялгаа хураан авч хүн төрөлхтнөөс далдлах мэт их уулын ан цав хаагдан үлгэрийн сайхан жаргав.